САНАЛ АСУУЛГА: Э.Бат-Үүл, Х.Баттулга, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нарын нэг Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшинэ

САНАЛ АСУУЛГА: Э.Бат-Үүл, Х.Баттулга, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нарын нэг Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшинэ

Ирэх 2021 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгох сонгууль анх удаа болно. 

Учир нь өнгөрсөн жил батлагдаж, энэ оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮНХӨ/-ийн 30 дугаар зүйлийн 2 -т “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан.

Иймд ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам /АН/-аас хэнийг нэр дэвшүүлэх тухай асуудал тус нам дотор яригдаж эхэлсэн байна. 

ТУХАЙЛБАЛ, 

  • Э.Бат-Үүлийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлье гэсэн санал тус намын зарим гишүүдээс гарч байгаа аж. Учир нь тэрээр 1957 онд төрсөн, өдгөө 63 настай юм. Мөн тэрээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтээ илэрхийлж байсан ч, тус намын Үндэсний зөвлөлийн хороо /ҮЗХ/-ны гишүүдийн олонх нь Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлж байсан. Сонирхуулахад, Э.Бат-Үүл сүүлийн үед АН-ын ҮБХ-ны хуралд ихээхэн идэвхтэй оролцох болсон бөгөөд, “энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН заавал ялах ёстой” гэсэн байр суурийг ч илэрхийлэх болсон гэх мэдээлэл байна. 
  • Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэлсэн гэдэг. Тэрээр 1963 онд төрсөн, өдгөө 57 настай юм. Гэтэл түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэж зарим хуульчид байр сууриа илэрхийлж буй. Учир нь ҮХНӨ-ийн 30.2 дахь заалтад “зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан тул тэрээр дахин нэр дэвших боломжгүй гэж буй юм. 
  • Харин УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэлийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх талаар санал гарч эхэлсэн ажээ. Тэрээр 1966 онд төрсөн, өдгөө 54 настай юм. Мөн тэрээр АН-ын гишүүд дотор өндөр боловсролтой нэгэнд тооцогддог байна. Ц.Оюунгэрэл ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургууль, АНУ-ын Стэнфордын Их сургуульд тус тус суралцаж төгссөн аж.
  • Мөн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжингийн нэр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд яригдаж эхэлсэн аж. Тэрээр 1971 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн бөгөөд ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар 50 нас хүрсэн байх ажээ. 

Сонирхуулахад, УИХ-д суудалтай МАН, АН, МАХН, ХҮН гэсэн улс төрийн дөрвөн нам ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж өрсөлдөнө. Иймд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөж болзошгүй гэж байгаа бол МАХН, ХҮН-аас хэн нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дээрх хүмүүсийн хэн нь нэр дэвших боломжтой гэж ТА үзэж байна вэ?

Нийт: 0 саналтай




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө