ХӨШИГНИЙ АРД: МАН-ын дарга У.Хүрэлсүх хотын дарга Д.Сумъяабазарыг дуудаж, шүүмжилжээ

ХӨШИГНИЙ АРД: МАН-ын дарга У.Хүрэлсүх хотын дарга Д.Сумъяабазарыг дуудаж, шүүмжилжээ

Зөв зохион байгуулалтгүй ажиллаж, эргэж буцсан шийдвэр гаргасан гэх үндэслэлээр Хотын дарга Д.Сумъяабазар намын удирдлагууддаа донгодуулсан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өглөө.

Тодруулбал, хоёр долоо хоногийн өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүх хотын дарга Д.Сумъяабазарыг намын төв байрандаа дуудаж уулзан “Улсын онцгой комисстой уялдсан шийдвэр гаргаж, ажилласангүй. Хүний амь нас эндсэнээс эхлээд олон нийтийн бухимдал, гомдол дээд цэгтээ хүрлээ. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг Сонгинохайрханы намын хорооны ажилтнуудаар дүүргэлээ. Чухал албанд шагналын журмаар томилгоо” хийлээ хэмээн шүүмжилж, санал солилцжээ.

Харин үүний дараа Хотын дарга Д.Сумъяабазар багийнхаа зарим хүмүүстэй хариуцлага ярьж, зарим нэг шинэ томилгоог хийсэн байна.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлж, түүний оронд А.Оюунчимэгийг томилжээ.

А.Оюунчимэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм байна.  Мөн “Автобус нэг” баазад хүн амиа алдсан хэрэг гарсан цаашлаад тус баазад коронавирус тархсантай холбоотойгоор тус байгууллагын удирдлагатай хариуцлага тооцож Ц.Баттөр гэх өөрийн хүнийг даргаар нь томилсон гэх мэдээлэл байгаа юм. Цаашлаад 22-ын товчоон дээр иргэн амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг ч халж магадгүй гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр 29 удирдах албан тушаалтныг солихоор ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлсэн гэв.