Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэгтэй тусгайлан уулзах санал гаргажээ

Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэгтэй тусгайлан уулзах санал гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэгтэй тусгайлан уулзаж, тодорхой саналуудаа ярилцах хүсэлтээ албан бичгээр өчигдөр хүргүүлжээ.

Тус албан бичигт "Шүүхийн хуулийн Ажлын хэсгийн гишүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгийн газрын зүгээс тусгайлан уулзаж,Үндсэн хуулийн 33.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчөөс УИХ-д оруулсан санал, түүний үндэслэлийн талаар тусгайлан хэлэлцэх саналтай байна" гэдгээ мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хороогоор Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацааг түр хойшлуулав. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл нь Шүүхийн тухай багц хууль гэсэн нэртэй боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа дөрвөн бие даасан хуулийг нэгтгэснээрээ онцлог аж. Энэ хүрээнд зарчмын шинжтэй томоохон реформ хийж байгааг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр онцолсон. 

Тухайлбал, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, түдгэлзүүлэх, огцруулах, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох зэрэг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид эдлүүлэхээр хуульчлахаас татгалзах хэрэгтэй зэрэг саналууд  төсөлд туссан байгаа юм. Мөн Ерөнхий шүүгчийн эрх мэдлийг хязгаарлах, ШЕЗ-ийн гишүүдийг шалгаруулах талаарх зарим саналууд анхаарал татаж байгаа. 

Засгийн газрын төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд үүний дөрөв нь нийт шүүгчдийн хурлаас сонгогдсон шүүгч, тав нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байхаар тусгасан байна. Мөн ШЕЗ-ийн гишүүдтэй адилхан процессоор ШЕЗ-ийн шүүгч гишүүнийг Нийт шүүгчдийн хуралдаанаар, шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийж томилох санал Ажлын хэсэг дээр дэмжигдсэн байна. Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох байдлаар шууд оролцохгүй байхаар тусгажээ.   

Эргэн сануулахад Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан ч эрх баригч нам Ерөнхийлөгчийн төслийг буцааж, Засгийн газрын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийг яаралтай хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан. Мөн Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг Засгийн газрын хуультай концепцын хувьд нийцэхгүй байгаа учраас нэгтгэх боломжгүй гэж үзсэн. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө