Б.Энхбаяр: Хууль зүйн сайдын санаачилсан шоронжуулах хууль нь МАН-ын бодлого биш

Б.Энхбаяр: Хууль зүйн сайдын санаачилсан шоронжуулах хууль нь МАН-ын бодлого биш

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч  үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай гэдэг ажлын хэсгийн саналыг үндэслэн хойшлууллаа. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр албан бичгээр тусгайлсан санал ирүүлсэн тул анхны хэлэлцүүлгээс өмнө чамбайлах шаардлага бий аж. 

Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хууль тогтоомж, хүний эрхийн асуудал дээр Монгол Улс нэг нүүртэй байх ёстой. Нэг нүүртэй байна гэдэг нь нэг бодлоготой, тогтвортой байх тухай асуудал. Гуравхан жилийн өмнө Эрүүгийн хууль тогтоомж хүчин төгөлдөр болсон. Бид иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг шоронд хийхгүй гэдэг хууль гаргачихсан. Хэзээ ч итгэл үнэмшил, үзэл бодлыг шоронд хийхгүй. Хорих ялыг худал мэдээлэл тараах, гүтгэх гэмт хэргээс аваад хаячихсан. Энэ бодлого дээр манай УИХ, тухайн үед энэ шийдвэрийг гаргаж байсан МАН, АН-ын гишүүд хамт байгаа гэж харж байна. Хүний итгэл үнэмшил гэдгийн цаана хүний мэдэх эрх, төрөө хянах эрх яваад байна.

Миний хувьд 2017 оны зун НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дээр манай улс иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын фактын хэрэгжилтийн тайланг хамгаалж тайлагнаж байсан. Энэ асуудал дээр НҮБ болон Олон улсын хамтын нийгэмлэг сайшаасан. Та нар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шоронд хийж болохгүй шүү гэсэн. Гэтэл манай Хуульзүйн сайд маань хууль санаачлаад бужигнуулаад байх юм. Би үүнийг эрх барьж байгаа МАН-ын бодлого биш гэж харж байгаа. Тэр дотроо УИХ, Хуульзүйн байнгын хорооны бодлого биш. Ийм төсөл орж ирэхэд хувьдаа хэзээ ч дэмжихгүй. Олон түмнийг үймүүлж, иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан санаархлаа болих хэрэгтэй. Нэг гараараа Хүний эрхийн комиссоо байгуулаад хүний эрхийн төлөө тэмцэнэ гээд нөгөө гараараа хүний хамгийн суурь эрхүүдийг шоронжуулах тухай яриад сууж байж болохгүй. Нэг бодлого, нэг нүүртай байх ёстой” гэлээ.