А.Тлейхан: Цахилгааны хэрэглээ огцом нэмэгдвэл хязгаарлахаас өөр аргагүй

А.Тлейхан: Цахилгааны хэрэглээ огцом нэмэгдвэл хязгаарлахаас өөр аргагүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ирэх оны долдугаар сарын 01 ны өдрийг хүртэл айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан дулааны төлбөрийг чөлөөлнө” гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ шийдвэрийн дараа иргэдийн цахилгааны хэрэглээ нэмэгдэж, цахилгаан түгээх сүлжээнүүдийн ачаалал нэмэгдэж эхэлсэн талаар мэдэгдэж буй.

Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Засгийн газраас шийдвэр гарсантай холбоотойгоор гэр хороололд цахилгааны ачаалал хамгийн их байна. Учир нь гэр хорооллын айлууд дулаанаа хангахын тулд олон халаагуур залгаж байна. Энэ нь эрчим хүчний ачаалалд нөлөөлж байгаа юм. Харин орон сууцанд харьцангуй тогтвортой байгаа.

Тиймээс тогны хязгаарлалт хийлгэхгүйн тулд иргэдийг илүү хэрэглээ битгий гаргаарай гэж хүсмээр байна. Ялангуяа 17:00-21:00 цагийн хооронд ачаалал их байна. 

ОХУ-аас бид жилд 350 орчим сая квт эрчим хүч авч байгаа. Нэг квт цахилгааныг 243 төгрөг орчмоор авдаг. ОХУ-аас авч буй цахилгааны ихэнх нь төвийн бүс, зарим хэсэг нь баруун бүс рүү хуваарилагддаг.

Харин БНХАУ-аас жилд 1 тэрбум гаруй квт цахилгааныг авдаг. Энэ нь Оюу-Толгойн үйл ажиллагаанд хэрэглэгддэг. ОХУ-аас бид хамгийн ихдээ 245 мегаватт ачаалал авах боломжтой. Өчигдөр орой гэхэд 233 мегаватт ачаалал гарсан.

Засгийн газрын шийдвэр гарсан өдөр гэхэд л цахилгааны хэрэглээ 18 хувиар нэмэгдсэн. Хэрэглээ огцом өсвөл хязгаарлалтад орж болзошгүй. Бид хоёр сарын хугацаанд л хэвийн ажиллачихвал хүйтний эрч суларч, дулаарна. Тэр болтол бүгдээрээ хамтарч ажиллая. Ачаалал нэмэгдэхгүй бол мэдээж хязгаарлалт хийхгүй. Харин огцом нэмэгдвэл хязгаарлахаас өөр аргагүй” гэлээ.

Түүнчлэн цахилгааны төлбөр нь өмнөх сарынхаас давсан тохиолдолд зөрүүг иргэн өөрөө төлөх журам гарах талаар яригдаж эхэлсэн билээ. Энэ талаар тэрээр “Одоохондоо яг тогтоосон зүйл алга. Бид эрчим хүчийг хязгаарлах зорилт биш, хангах зорилт тавьж ажиллаж байна. Иргэд хамтран ажиллавал хязгаарлахгүй” гэлээ.