Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн шүүгчээр Ц.Цогтыг томилох зарлиг гаргажээ

Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн шүүгчээр Ц.Цогтыг томилох зарлиг гаргажээ

ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, "Голомт" банкны өмгөөлөл, хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлсэн. Байнгын хорооны гишүүд Ц.Цогтыг дэмжиж УИХ-ын чуулганд нэр дэвшигчийг танилцуулсан бол С.Батхүлэгийг "Голомт"-ын өмгөөлөгч хэмээн шүүмжилж дэмжээгүй юм.   

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох зарлигийг гаргажээ. 

Ц.Цогт нь 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. 

Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байв.