Ж.Отгонбаяр: ХЗДХ сайд намайг гүтгэсэндээ уучлалт гуй. Үгүй бол түүнийг цагдаад шалгуулна

Ж.Отгонбаяр: ХЗДХ сайд намайг гүтгэсэндээ уучлалт гуй. Үгүй бол түүнийг цагдаад шалгуулна

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар “NTV” телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэр сэтгүүлч Ж.Отгонбаяр “20 сая төгрөг өгвөл мэдээллийг нь олон пейж хуудсаар дамжуулан, түгээх боломжтой” гэсэн саналыг хэвлэлийн төлөөлөгчид нь хэлсэн талаар ярьсан юм. Тэгвэл Парламент телевизийн захирал, сэтгүүлч Ж.Отгонбаяр энэ талаар тайлбар өгчээ.

Тэрээр “Иргэд болохоор үзэл бодлоо илэрхийлж шоронд ордог. Хууль зүйн сайд нь хүн гүтгэж хуулийг өөртөө ашигтайгаар ашиглаж, өөрийгөө хамгаалуулдаг байж болохгүй. Би ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон түүний хэвлэлийн төлөөлөгч УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн дүү Б.Мөнхбатаас 20 сая төгрөг сар бүр өг гэж огт мөнгө нэхээгүй. Намайг нэхсэн гэж байгаа бол баримтаа гаргаад ир. Баримтаа гаргаж ирж чадахгүй бол энэ асуудлаар надаас уучлалт гуй. Эсвэл цагдаад өгч шалгуулъя, эр хүн шиг уучлалт гуйвал нэг удаадаа би хүндэтгэлтэй хандана...Надад мөнгө төлөөгүй болохоор би тэр хүнийг шүүмжилсэн зүйл огт байхгүй. Би түүний гаргаж байгаа шийдвэр бодлогыг шүүмжилж л өөрийн цахим хуудсанд сэтгэгдэл бичсэн төдий” гэлээ.