ХӨШИГНИЙ АРД: Төмөр зам, ХХЕГ, МХЕГ-ын дарга нарт хариуцлага тооцох тухай яригджээ

ХӨШИГНИЙ АРД: Төмөр зам, ХХЕГ, МХЕГ-ын дарга нарт хариуцлага тооцох тухай яригджээ

-ТӨМӨР ЗАМЫН АЖИЛЧДЫН НАЙРАНД ОРОСУУДЫГ ОРОЛЦУУЛСАН АСУУДАЛ МАН ДОТОР ӨНДРӨӨ АВЧЭЭ -

Коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбоотойгоор эрх баригч нам зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхэлсэн гэх мэдээлэл байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны хариуцлагагүйгээс коронавирусийн халдвар дотоодод тархсан цаашлаад бодит байдалд нийцүүлсэн дорвитой бус эргэж, буцсан шийдвэр гаргаж иргэдийн дургүйцлийг хүргэж буй нь 100 жилийн ойгоо бүтэн ялалттай угтах МАН-ын төлөвлөгөөг нурааж мэдэхээр байгаа юм.

Тийм учраас нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэх саналыг МАН-ын гишүүд гаргаж, удирдлагуудаа шахаж эхэлжээ.

Тухайлбал,  хил хаалттай үед ОХУ-аас мэргэжилтнүүд оруулж ирж, Дархан-Уул аймагт нийт ажилчдын дунд найр, наадам хийсэн Төмөр замын даргатай хамгийн эхэнд хариуцлага ярих хэрэгтэй гэж ярьсан байна. Төмөр зам дагасан аймгуудад коронавирус тархах болсон нөхцөл нь уг тэмцээнээс үүдэлтэй. Тус тэмцээнд оросууд ирж оролцсон учраас тархсан гэх таамаг иргэдийн дунд бий билээ. Хамгийн ноцтой нь Орос мэргэжилтнүүд Монголд ирэхдээ зохих ёсны дагуу шинжилгээ өгсөн үү гэдэг нь тодорхой бус байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “ОХУ-аас ганц, хоёр хүн ирж төмөр замын тэмцээнд оролцсон. Тэр хүмүүс шинжилгээний бичигтэй байсан учраас халдвар тараасан гэж үзэхгүй байна” гэсэн. Үүний араас Зам тээврийн сайд Л.Халтар болон Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдэл гаргаж “ОХУ-аас мэргэжилтнүүд ирээгүй” гэсэн билээ.

Ийнхүү албаныхан уг асуудал дээр арьсаа хамгаалж, зөрүүтэй мэдээлэл өгсөн.

Цар тахлын хуулиар манай улсын хилээр дамжин өнгөрөх транзит тээвэр, зорчигч тээврийн асуудлыг Хил хамгаалах ерөнхй газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг. Улсын онцгой комиссоос зөвхөн Монгол Улсын иргэдийг гадаадаас татах, Монголд байгаа гадаадын иргэдийг нутаг буцаах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэж цар тахлын хууль 8.1.1, 8.1.2, 8.1.3 дахь заалтад маш тодорхой заасан байгаа харин хилээр зорчигч бусад улсын иргэн, тээврийн хэрэгсэл, транзит тээвэр, бараа бүтээгдэхүүн зэрэг асуудлыг Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах ёстой гэж үзэж байгаа аж.

Тиймээс халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, зорчигч, тээврийн тандалт, урьдчилан сэргийлэлтийн ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн нарт хариуцлага тооцох асуудал сөхөгдөх бололтой.

Мөн Алтанбулагийн боомтын захиргаа, Хилийн тагнуулын алба ч хариуцлагаас мултрахгүй гэж эх сурвалж мэдээлж байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө