Барьцаалан зээлдүүлэх газарт зээлтэй иргэдийн зээлийн хүүг тэглэх хуулийн төсөл өргөн барив

Барьцаалан зээлдүүлэх газарт зээлтэй иргэдийн зээлийн хүүг тэглэх хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар өнөөдөр Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. 

Коронавируст цар тахлын нөлөөллөөс барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт  зогсож, цалин, орлого тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байна. Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны арвандүгээр сарын 27-ны байдлаар ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой байна.

Нөхцөл байдлыг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдийн харилцаанд УИХ-аас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсон учир уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа боловсруулжээ.

Тус хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгасан байна.

  • Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 0 /тэг/ хувиар тооцно;
  • Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд анз, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;
  • Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцох;
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • Барьцаалан зээлдүүлэх газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тус тус тусгажээ.