Гадаадад ажиллах хүчин гаргах хуулиар Ц.Мөнх-Оргил, А.Ариунзаяа нар МАРГАВ

Гадаадад ажиллах хүчин гаргах хуулиар Ц.Мөнх-Оргил, А.Ариунзаяа нар МАРГАВ

Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.12.23/ хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар хэлэлцэж буй асуудлаар маргаан үүсгэсэн юм. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "А.Ариунзаяа сайд та өөрөө боловсруулаагүй, өөрөө өргөн бариагүй хуулиа байн, байн оруулж ирж хэлэлцүүлээд байх юм. Цар тахлын үеэр гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудал зургаан сараас нэг жилээр хойшлох нь ойлгомжтой. Энэ үнэхээр яаралтай асуудал мөн үү. Та энэ хуулийн төслийг уншиж танилцаж, өөрийн болгож чадсан уу. Үүнийг одоо хэлэлцэх гэж байгаа Хөдөлмөрийн тухай хуультай нэгтгээд өргөн барих бололцоо байгаагүй юу.  Монгол Улсын иргэн гадаадад очиж ажиллахад энэ хууль үйлчлэх нь ойлгогдож байна. Харин гадаад улсын иргэн Монголд ирж ажиллахад энэ хууль үйлчлэхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ. Хөдөлмөрийн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдана" гэсэн юм. 

Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Та төрийн бодлогын залгамж гэж хэллээ. Манай яамны хувьд сайд нь л солигдсон болохоос бусад бүх дарга, мэргэжилтнүүд хэвээрээ байгаа. Сайд солигдлоо гээд хууль нь бас солигдож болохгүй. Хөдөлмөрийн тухай хууль өргөн баригдсан байгаа. Хэлэлцүүлгийн шатанд хоорондын уялдаа холбоо нь хангагдаад явна. Гэхдээ Хөдөлмөрийн хуулиар бүгд зохицуулагдах боломжгүй. Тиймээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадаадад ажиллах болон гадаадаас ирж ажиллах хүчний асуудлыг зохицуулж байгаа. Энэ хуулийн төсөлд өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өөрчлөлтийг оруулсан. 2001 оноос хойш энэ хууль шинэчлэгдээгүй учраас өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Хуулийн төслийг буцаан татсанаар ахиад хугацаа алдана" гэсэн юм.