Иргэнээ биш биеэ өмөөрч ХУДАЛ мэдээлэл хийдэг Л.Мөнхтүшигийг хэзээ чөлөөлөх вэ

Иргэнээ биш биеэ өмөөрч ХУДАЛ мэдээлэл хийдэг Л.Мөнхтүшигийг хэзээ чөлөөлөх вэ

УОК-ын шийдвэрээр энэ сард тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгийг зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу энэ сарын 18-ны өдөр Франкфурт руу МИАТ-ын онгоц хөөрч, 160 иргэн эх орондоо ирсэн билээ.

Гэсэн ч тус нислэгээр эх орондоо ирэх байсан иргэн Ц.Цэцэгбалын шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд энэ талаараа тэрээр МИАТ-ын ажилчдад хэлэхэд нисэх онгоцны буудал дээр үлдээгээд ирсэн талаар бид мэдээлж байсан. Тухайн үед иргэн Ц.Цэцэгбалын талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаж, иргэд холбогдох албан тушаалтнуудыг ихээр шүүмжилж байв.

Улмаар ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Тухайн иргэнд шаардлагатай тусламжийг үзүүлж, тусгаарлах байранд аваачсан. Бидний зүгээс тусгаарлах байрны зардлыг гаргаж, тус иргэнд санаа тавьж байгаа” гэж мэдээлсэн юм.

Үүний дараа бид иргэн Ц.Цэцэгбалтай холбогдож ярилцахад “Намайг огт хамгаалах байранд аваачиж, тусламж үзүүлээгүй шүү дээ. Би энэ онгоцны буудал дээр хоёр хонож байна. Явах боломжгүй болсны дараа элчин сайдын газрын хүн “Танд очих газар байгаа юу гэж асуусан. Би “байхгүй ээ, надад таньдаг хүн ч байхгүй” гэхэд та тэгвэл наанаа байж бай. Маргааш таны асуудлыг шийднэ. Онгоцны буудлын цагдаа нар дээр очоод байж бай. Тэнд таныг хамгаалж, тусгаарлах байранд аваачина” гэж хэлсэн.

Тэгээд цагдаа нар дээр очиж бараг гурван цаг шахам суусан. Гэтэл тэр цагдаа нар “эндээс яв, дахиж энүүгээр ирэх юм бол торгууль ногдуулна шүү” гэж хэлсэн” гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээллээс тэс ондоо зүйл ярьсан юм.

-АЛБАНЫХНЫ ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЭЛ ҮҮГЭЭР ДУУССАНГҮЙ-

Дотоодод халдвар тарсантай холбоотойгоор тусгаарлах байрны хүртээмжээс шалтгаалж энэ сард үйлдэгдэх байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалсан. Хүнд нөхцөлд байгаа иргэд гомдол гаргаж эхлэхэд Л.Мөнхтүшиг “Яах ч аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Одоогоор гадаадын 30 орноос 2 мянга гаруй иргэн яаралтай  нутаг буцах хүсэлт тавьсан байна. Үүнээс 1500 гаруй нь БНСУ-д байгаа иргэд байна” гэж хэлсэн юм. Гэтэл өчигдөр /2020.12.24/ БНСУ-аас  ирэх байсан иргэдийн зарим нь өлсгөлөн зарлаж УОК-д шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад дурдсанаар одоогийн байдлаар эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн 4000 орчимт иргэн БНСУ-д байна гэж бичжээ.

Өргөдөл гаргасан иргэдийн

  • 32 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 290 буюу 6,4 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 61 буюу 1,5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 82 буюу 2 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 4 буюу 0,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • үлдсэн 3989 буюу 89 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байгаа юм. 

Гэтэл энэ тоог хэд дахин бууруулж зөрүүтэй мэдээлж буй нь гайхмаар.