БАРИМТ: УДШ-д илгээсэн АН-ын дүрэмд их хурлаараа хэлэлцэж, батлаагүй заалтыг нэмж оруулсан байжээ

БАРИМТ: УДШ-д илгээсэн АН-ын дүрэмд их хурлаараа хэлэлцэж, батлаагүй заалтыг нэмж оруулсан байжээ

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гараг /2020.12.25/-т С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгосон талаар бид мэдээлсэн. 

Ингэснээр тус намын дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэ намаа удирдахаар болж байна. Тэрээр энэ тухайгаа “Ц.Туваан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй” гэж мэдэгдэж буй. Мөн Улсын Дээд шүүх /УДШ/-д хандаж “АН-ын гэх 10 дугаар Их хурлын тэмдэглэл,  шийдвэр зэргийг буцаан татах” хүсэлтээ АН-ын дарга С.Эрдэнэ гаргажээ. 

-АН-ЫН ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭГҮЙ ЗААЛТЫГ УДШ-Д ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ДҮРМИЙН ТӨСӨЛД НУУЦААР ОРУУЛСАН БАЙЖЭЭ-

Учир нь энэ сарын 18, 19-ны өдрүүдэд АН-ын 1206 гишүүн цахимаар хуралдаж, намынхаа дүрмийг хэлэлцсэн. Тус хурал цахимаар болсон ч зохион байгуулалт сайн байсан гэж зарим эх сурвалжууд сайшааж буй.

Гэтэл тус их хурлаар хэлэлцээгүй, АН-ын гишүүдэд танилцуулаагүй дүрмийн заалтыг Улсын Дээд шүүх рүү явуулсан “АН-ын дүрмийн төсөлд” нэмж оруулсан нь зарим гишүүдийн дургүйцлийг хүргэсэн бололтой. 

Тодруулбал, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа дүрмийн 5.12.4.2 –д “Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг ҮБХ-ны хурлаар хэлэлцэн гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж,  хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигчийг, 1 нэр дэвшигчтэй бол нууц санал хураалтаар шийдвэрлэх” гэж зааж Их хурлын гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулжээ.

Гэтэл УДШ-д өргөн барьсан дүрмийн төсөлд дотор гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулаагүй 5.12.4.2.1 гэх заалтыг нэмж оруулсан байжээ. Тус заалтад “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2 –д заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх /энэхүү заалт 2021 оны 7 сарын 1 хүртэл хүчинтэй байна/” гэж оруулсан байжээ. 

УДШ рүү явуулсан АН-ын дүрэмд нууцаар нэмж оруулсан гэх 5.12.4.2.1 дахь заалт

Товчхондоо, энэхүү заалтаар Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтээ гаргасан бол, дотоод сонгуульдаа өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэсэн үг юм. Иймээс тус заалт АН-ын зарим гишүүдийн дургүйцлийг хүргэсэн бололтой. Мөн АН-ын дүрмийн энэхүү заалт Үндсэн хуулийн 30.2 –д заасан “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчиж байна гэж зарим хуульчид үзэж байгаа ажээ.