Долоон настай охиныг гэмтээсэн ах нь “юу хийж байгаагаа мэдээгүй” гэж мэдүүлжээ

Долоон настай охиныг гэмтээсэн ах нь “юу хийж байгаагаа мэдээгүй” гэж мэдүүлжээ

Долоон настай нагац дүүгийнхээ эрүүл мэндэд ноцтой халдсан этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хэргийг товч мэдээлбэл, Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр 22:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт долоон настай эмэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай гудамжинд уйлаад явж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн байна. Долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ш архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг нь хурц иртэй зүйлээр тасалсан байна. Түүгээр ч үл барам баруун хөлийн гуяны урд хэсэгт түлэгдсэн шархтай, толгойн дээд хэсэгтэй иртэй зүйлээр зүссэн шархтайгаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм.

Харин хэрэг хийсэн этгээдийг хэрэг гарсан даруйд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон бөгөөд өнөөдөр цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэд нэг хашаанд амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед охины ээж бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байжээ. Хэрэгтэн аав, ээжийг нь эзгүйд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нагац дүүгээ сүхээр цохиж хуруунуудыг нь тасалсан байна. ГССҮТ-ийн эмч нар охины 4 хурууг залгах мэс заслыг 10 гаруй цагийн турш хийж, улмаар хохирогч охины гурван хурууг амжилттай залгасан юм. Харин охин өдгөө ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Охиныг гэмтээсэн Ш нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө "Хэрэг гарах үед би маш их архи ууж, согтуурсан байсан. Өөрийгөө хянах чадваргүй, юу хийж байгаагаа ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь дүүгээ гэмтээж, хуруунуудыг нь тасалсан байна лээ. Маш их гэмшиж байна" хэмээн мэдүүлсэн байна.

Энэ хэргийн цаадах шалтгаан нөхцлийн судалж үзвээс, долоон настай охиныг төрсөн аав нь байхгүй. Харин ээж нь өөрт хүнтэй суугаад нялх хүүхэдтэй учраас ах дээрээ байлгадаг гэх. Охины нагац ах болох хэргийг үйлдсэн гэх 51 настай Ш нь охин руу халуун ус цацаж, зазуураар толгой руу нь нэг удаа цохисон улмаар охин гараараа толгойгоо хааснаас болж гарын дөрвөн хуруугаа цавчуулсан тухай эх сурвалж мэдээлсэн.

Охины баруун гарын нэг хоёрдугаар хурууны нэг хоёрдугаар үеэрээ бүрэн тасарсан. Зүүн гарын гурав, дөрөвдүгээр хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан гэмтэлтэй. Дээрээс нь баруун хөлийн гуяны урд хэсгээрээ түлэгдсэн шархтай. Мөн толгойн тус газраа хөнгөн шархтай эмнэлэгт анх ирсэн. Харин эмч нар яаралтай хагалгааг 13 цагийн турш хийж улмаар гарын гурван хуруу залгагдсан бөгөөд зүүн гарын гуравдугаар хурууны нэгдүгээр хэсгийнхээ урд хэсгээрээ тасарсан бөгөөд залгах боломжгүй байсан тул тайрсан тухай эмч нар мэдээлсэн.




Өнөөдөр хонь өдөр

25 минутын өмнө