Б.Нямбаяр: Г.Дамдинням гишүүнийг эргүүлэн татахыг дэмжиж хоёр өдөрт 1000 гаруй иргэн гарын үсгээ зураад байна

Б.Нямбаяр: Г.Дамдинням гишүүнийг эргүүлэн татахыг дэмжиж хоёр өдөрт 1000 гаруй иргэн гарын үсгээ зураад байна

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг эргүүлэн татах хөдөлгөөнийг Дархан-Уул аймгийн залуус эхлүүлж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Уг хөдөлгөөний санаачлагч иргэн Б.Нямбаяртай холбогдож уг үйл ажиллагааны талаар тодруулав.

-Г.ДАМДИННЯМ ГИШҮҮН ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛСЭН 33 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД БИШ УУЛ, УУРХАЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН-

-УИХ-ын гишүүy Г.Дамдиннямыг эргүүлэн татах хөдөлгөөн Дархан-Уул аймгийн иргэдийн дунд өрнөж байгаа юм байна. Уг хөдөлгөөнийг санаачилсан шалтгаан тань юу вэ?

-Нэр бүхий хоёр гишүүн Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан тухай мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Тус хоёр гишүүний нэг нь манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням байсан. Бүтээн байгуулалт, хөгжлийн шинжтэй томоохон төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл уг гишүүн Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгийн зээлээ уул, уурхайн салбарт зарцуулсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажилд огт зарцуулаагүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, тус банкнаас тавьсан шаардлагыг хангаагүй байна. Цаашлаад энэ хүн ямар шалгуураар ийм их хэмжээний зээлийг авсан юм гэдэг нь анхаарал татаж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Дамдинням уг зээлийг яаж авснаа тайлбарлах хэрэгтэй.

Дарханы залуус бид ч үүнийг шаардаж байгаа. Үнэхээр хуулийн дагуу авсан бол хаа, хаанаа хардлагагүй болно. Хууль бус биш гэдгийг л нотлох хэрэгтэй. Гэтэл Г.Дамдинням гишүүн тайлбар өгөлгүй харин ч зөрүүлээд “Би банкны шинэчлэл хийхийн тулд хууль, эрх зүйн орчныг нь сайжруулахаар ажиллаж байна. Гэтэл тодорхой эрх ашигтай хүмүүс зохион байгуулалттайгаар гүтгэж эхэллээ. Би нийтэд тулгамдсан асуудлыг шийдэх гэж байна” гэж яриад эхэлсэн. Угтаа бол нэг талдаа банкны шинэчлэл хийнэ гэчихээд нөгөө талдаа өөрөө зээл аваад яваад байгааг ойлгохгүй байна. Ямар нэгэн байдлаар эрх ашгийн зөрчил байх магадлалтай гэх хардлага байгаа юм. Тухайлбал, банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авахын тулд 80 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгөтэй байж авах байх. Жирийн иргэн банкнаас 30 сая төгрөгийн зээл авахын тулд 60 сая төгрөгийн барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай байдаг биз дээ. Гэтэл энэ хүн ямар барьцаа хөрөнгийг тавиад энэ зээлийг авав.

-УИХ-ын гишүүн Г.Дамдинням Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Магадгүй Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум зээлийнхээ хүүнээс чөлөөлөгдөхийн тулд уг хуулийг санаачилсан юм биш биз дээ гэх хардлага бий. Та бүхэнд мөн ийм хардлага байна уу?

-Тийм. Цар тахлын хүнд үед уг хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ их хэмжээний зээл авсан гишүүд тус хуулийг санаачилж өргөн барьж буй нь ашиг, сонирхлын зөрчил юм. Г.Дамдинням гишүүн зээл аваагүй байгаад ийм хуулийг өргөн барьж, банкны шинэчлэлийг эхлүүлсэн бол Дарханы залуус дэмжинэ. Гэтэл өөрөө ашиг, сонирхлын зөрчилтэй. Иргэд үүнийг нь хэлэнгүүт “Уг хуулийн төслийг гацаах гэлээ” гэсэн тайлбар хэлээд байгаа юм.

-Та бүхний санаачилгыг иргэд хэр дэмжиж байна. Уг хөдөлгөөнд нэгдэж гарын үсгээ зурсан хүн хэд байна вэ?

-Хоёр хоногийн өмнөөс онлайнаар иргэдийн гарын үсгийг цуглуулах ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ хоёр хэлбэрээр гарын үсгийг цуглуулж байгаа юм. Сайтад бүртгүүлж 100 гаруй хүн гарын үсгээ зурсан байна лээ.  Google.doc.com –оор мөн гарын үсэг цуглуулж байна. Энд 1000 гаруй хүн дэмжиж гарын үсгээ зурсан. Дархан-Уул аймагт сошиал орчинд байнгын идэвхтэй 8-10 мянган хүн  байдаг гэх судалгаа бий. Дарханыхаа талбай дээр гараад цаасан хэлбэрээр гарын үсэг цуглуулах гэхээр Зөрчлийн хууль болон Цар тахлын хуулиар боломжгүй болчихоод байна. Бид ямартай ч онлайн хэлбэрээр эхний ээлжид гарын үсэг цуглуулж байна. Цар тахлын нөхцөл байдлыг харж байгаад цаасан хэлбэрээр гарын үсэг цуглуулна. Дараа нь хуулийн хүрээнд эргүүлэн татах асуудлыг хөндөнө. Манай хөдөлгөөнийг дэмжиж буй олон залуу бий.

-УИХ-ын гишүүнийг ямар тохиолдолд эргүүлэн татдаг талаар та бүхэн судалсан байх. Боломжтой гэж үзэж байгаа юу.  Хуулийн ямар заалтыг үндэслэл болгож Г.Дамдинням гишүүнийг эргүүлэн татахаар болсон бэ?

-Иргэдийн шаардлагаар бүхэл, бүтэн Засгийн газар огцорсон.  Гэтэл 33 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн авах ёстой мөнгийг хоёр гишүүн хувааж авчихаад огцрохгүй байгааг гайхаж байна. Хууль эрх зүйн орчин яриад байвал бидний шаардлага биелэхгүй. Энэ хүмүүс ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. Ухамсраараа ийм үйлдэл гаргахыг бид шаардаж байна.

-Та бүхний дараагийн үйл ажиллагаа юу байх вэ?

-Бид иргэдийн гарын үсгийг цуглуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч цаасан дээр гарын үсгийг нь авна. Дараа нь Дархан-Уул аймагтаа акц хийнэ. Улаанбаатар хот руу орох зам хаалттай учраас Дарханы залуус хотод очиж хэвлэлийн бага хурал хийх боломжгүй байна. Уг нь боломжтой бол хэвлэлийн хурал хийж, яримаар байна.

-Өөрт нь шаардлага хүргүүлсэн үү?

-Хүргүүлээгүй.

-Ер нь Г.Дамдинням гишүүн дарханчуудыг хэр сайн төлөөлж байгаа вэ?

-Дарханчуудыг төлөөлж ажиллаж чадаагүй. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш нэг ч ажил хийгээгүй. Дарханы зам тавихаас ажлаа эхэлнэ гэж УИХ-ын гишүүний тангарагаа өргөхдөө мэдэгдэж байсан. Гэтэл Дарханы зам өнөөдөр дашийн шог болсон. Үүний дарханчууд мэднэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.