ТББХ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг дэмжив

ТББХ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг дэмжив

Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох МАН-ын бүлгээс өгсөн саналыг УИХ-ын тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн барилаа. 

Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжлээ. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн тамгын газран дарга Ө.Шижир уншиж, танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Та хуульд нийцүүлэн ажиллах ёстой. Хууль сахин биелүүлэх ёстой. Ингэхдээ Үндсэн хуульд захирагдаж нийцүүлж ажиллах ёстой. Үндсэн хуулийн үзэл, санаа амьдрах ёстой. Үүн дээр таны тууштай хүсэл зориг юу вэ" гэж асуусан юм. 

Харин Л.Оюун-Эрдэнэ түүний асуултад хариулахдаа "Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын хяналт тэнцвэрийг барьж ажиллана. Хууль дээгүүр хувь хүн биш хууль засаглана гэсэн итгэл үнэмшлээр ажиллана. Засгийн газар хуулийн дагуу ажиллана" гэлээ.