МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болох уу

МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болох уу

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар 1980 онд төрсөн өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.01.27/ томилогдлоо. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэдэн сар, жилийн настай бол гэх асуулт гарч байна. Учир нь тэрээр МАН-ын дарга биш. Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэрээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч мэднэ.

 Харин МАН-ын ээлжит 30 дугаар Их хурал ирэх гуравдугаар сарын 01 /2021.03.01/-ны өдөр зарлагдаж, “Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг тодруулна” гэж зарласан. Тэгвэл тус хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодруулж”, улмаар Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар сонгож магадгүй юм.

Бид энэ талаар эх сурвалжуудаас тодруулахад, “энэ тухай яригдаагүй байна” гэлээ.

Гэсэн хэдий МАН-ын 30 дугаар Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна гэж зарласан бол өөр бусад хэлэлцэж асуудлын жагсаалт одоо хэрнэ олон нийтэд тодорхой болоогүй байна. 

-Г.ЗАНДАНШАТАРЫН ОРОНД СҮ.БАТБОЛД ТОМИЛОГДОХ УУ-

Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжигдэхэд МАН-ын гуравдагч хүчин Сү.Батболдын фракц дэмжлэг үзүүлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нэрийг татуулсан гэж зарим эх сурвалж мэдээлж буй. Өнөөдрийн парламентад 12 гишүүнтэй түүний фракц МАН-ын бодлогод гол нөлөөг үзүүлж байгаа гэдэг. Энэ ч утгаараа Сү.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд МАН дотроо өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан ч, тэрээр одоо боломжгүй болж байх шиг байна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болж байна. Иймд тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч, УИХ-ын даргын албан тушаалд очиж магадгүй юм.