Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс ДӨРВӨН ИХ НАЯД орчим төгрөгийг оруулж ирэх боломжтой гэж мэдэгдэв

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс ДӨРВӨН ИХ НАЯД орчим төгрөгийг оруулж ирэх боломжтой гэж мэдэгдэв

Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы хуралдаанд хэлсэн үг олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал, тэрбээр энэ үеэр "Оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол улсад оруулж ирэх нөхцлийг бүрдүүлээд байна. Тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлээд байна" гэж мэдэгдсэн юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалтнуудын оффшор бүсэд нуусан их хэмжээний мөнгийг оруулж ирж түүгээрээ айл, өрх бүрд сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгыг 2021 оны өмнөхөн гаргасан. Гэхдээ хэд орчим төгрөгийг ямар зохион байгуулалтаар оруулж ирэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдрийн мэдэгдлээрээ дөрвөн их наяд орчим төгрөгийг оруулж ирэх гэж буйгаа хэлжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа "Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу. Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно" гэсэн юм.