Ж.Энхбаяр “ажилд авахгүй” гэсэн тул Т.Бадралыг татаж, Шадар сайдад томилох санал ч гарчээ

2021-01-29 13:35

МҮОНРТ-ийн сэтгүүлч асан Н.Уртнасаныг БОАЖ-ийн сайдад дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд ажиллах хүмүүсийг дэмжсэн байна. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан гэх бүсгүй дэмжигдсэн байгаа юм. 

Н.Уртнасан нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд, өмнө нь тэрээр МҮОНРТ-ийн Нийгэм эдийн засгийн редакц, Шинэ дэлхий телевиз зэрэгт ажиллаж байжээ.

Өнөөдөр тэрээр Юни солар ХХК-ийн Ерөнхий захирал, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнийн сонгуульт ажилтай нэгэн ажээ. Мөн түүнийг БНСУ-ын иргэдтэй хамтарч "Монголд сэргээгдэх эрчим хүч"-ний чиглэлийн бизнес эрхлэдэг байж болзошгүй ч гэх мэдээлэл ч байна. Сонирхуулахад, БОАЖ-ны сайд асан Д.Сарангэрэл сэтгүүлч мэргэжилтэй МҮОНРТ-д ажиллаж байсан нэгэн билээ. 

2021-01-29 12:49

ТАНИЛЦ: ЗГХЭГ-ын даргад Ц.Нямдорж, Соёлын сайдад Ч.Номин нарыг дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулсан байна. 

ҮҮНД:

  • Шадар сайд С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/
  • ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж /ХЗДХ-ийн сайд асан/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд н.Уртнасан  
  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /дахин томилогдож байна/
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр /дахин томилогдож байна/
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /ГХЯ-ны дэд сайд/
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /дахин томилогдож байна/
  • Сангийн сайд Б.Жавхлан /УИХ-ын гишүүн/
  • Соёлын сайд Ч.Номин /HD Монгол телевизийн захирал/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /дахин томилогдож байна/
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа /дахин томилогдож байна/
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /дахин томилогдож байна/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан /дахин томилогдож байна/
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга/  
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /дахин томилогдож байна/

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс дараах хүмүүсийг Засгийн газрын кабинетад ажиллуулахыг дэмжсэн байна.  

2021-01-29 11:51

С.Батболдын фракц нэг ч хүнээ Засгийн газарт оруулахгүй байх шийдвэр гаргажээ

Үндсэн хуулийн 39.4 –д Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заажээ. Энэ утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимд багтах сайд нараа өөрөө томилж чөлөөлнө гэсэн үг. 

Харин одоо МАН-ын удирдах зөвлөл “дахин болон шинээр томилогдох сайд нар”-ын асуудлаар хуралдаж байна. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЕНБД Д.Амарбаясгалан нарын түвшинд өнгөрсөн шөнө сайд нарын нэрс тодорсон гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл МАН-ын гуравдагч хүчин С.Батболдын фракц “Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын танхимд орохгүй” гэж шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна.

Учир нь МАН-ын удирдлагууд С.Батболдын “МИГМО” фракцид ГХЯ, ЭМЯ зэрэг яамдын сайдад гишүүдээ томилох санал болгосон ч, тус фракц үндсэн чиглэлийн яам буюу ХЗДХ, ЗГХЭГ, Сангийн яам зэрэгт хүнээ томилно гэх саналыг гаргасан гэх мэдээлэл байна. Учир нь Үндсэн хуулийн 39.1 –д Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан байдаг.

2021-01-29 11:18

Ж.Энхбаяр “ажилд авахгүй” гэсэн тул Т.Бадралыг татаж, Шадар сайдад томилох санал ч гарчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын танхимд хэн багтах талаар албан ёсны мэдээлэл гараагүй, эх сурвалжуудын таамаг төдий мэдээлэл хэвлэлд нийтлэгдсээр байна.

Харин өнгөрсөн шөнө МАН-ын удирдлагуудын түвшинд “сайдын нарыг ярьж, нэрсийг эцэслэсэн” байна. Тэгвэл коронавирусийн цар тахлын энэ үеэр УОК-ыг тэргүүлэх Шадар сайдын албан тушаалд хэнийг томилох тухай яригдаж “БНХАУ-д элчин сайдаар суугаа ОБЕГ-ын дарга асан Т.Бадралыг татаж, Шадар сайдын албан тушаалд томилох тухай” асуудлыг ч хөндсөн гэж эх сурвалж мэдээлж байна. Одоогоор Шадар сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байгаа юм. 

2021-01-29 10:54

У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар зарим гишүүдээ дуудаж “Чи сайд болж байна шүү” гэж уламжилжээ

Өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нар тодорч, тангараг өргөж магадгүй байна. Учир нь яг одоо МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, сайд нарын асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл өнгөрөгч шөнө МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Засгийн газрын сайд нарт яригдаж байгаа гишүүдээ дуудаж, уулзсан байна. Энэ үеэр “Чи сайд болж байна шүү” гэж уламжилсан байна. Товчхондоо, Засгийн газрын танхимд багтах сайд нар өнгөрсөн шөнө бүрэн тодорхой болжээ. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө