Тэр сайд ХЭНИЙ томилуулсан, ХЭН бэ

Тэр сайд ХЭНИЙ томилуулсан, ХЭН бэ

Өчигдөр /2021.01.29/ Монгол улсын 32 дахь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй танилцаж үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хугацаа алдалгүй шуурхайлан ажиллана гэж мэдэгдсэн. Энэ ч үүднээс өнөөдөр 11.40 цагт Засгийн газар хуралдаж Цагаан сарын баярын үеэр хатуу, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

Өнөөдрөөс ажиллаж буй уг Засгийн газарт УИХ-ын дөрвөн гишүүн “давхар дээл” өмсөн ажиллаж байна.

Тодруулбал,

  1. Шадар сайд - УИХ-ын гишүүн С.Амарсайхан
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд -Х.Нямбаатар
  3. Боловсрол, шинжлэх ухааны сайд - Л.Энх-Амгалан
  4. Сангийн сайд - УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын УИХ-ын гишүүд чиг, үүргийн яамдыг удирдахаар ийнхүү томилогдлоо.

Харин өмнөх Засгийн газраас нийт есөн сайд /Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оруулаад/ тус Засгийн газарт дахин  орж ажиллаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээж буйгаа мэдэгдсэн. Гэтэл тус танхимын 50 хувь нь дахин томилогдож ажиллаж буй нь ёс суртахуунгүй үйлдэл хэмээн шүүмжлэх иргэд ч байгаа юм. Учир нь Засгийн газар бүрэн, бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээж бүгд огцрох ёстой. Гэтэл буцаж албан тушаалд томилогдох гэж буйг хэрхэн ойлгох вэ хэмээж буй.

Дахин томилогдож буй сайд нар

  1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд -Х.Нямбаатар
  3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - А.Ариунзаяа
  4. Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар
  5. Батлан хамгаалах яам - Г.Сайханбаяр
  6. Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар
  7. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд -Г.Ёндон
  8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - З.Мэндсайхан
  9. Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх

Харин шинэ Засгийн газарт шинээр томилогдож буй найман сайд байна.

Тодруулбал,

  1. Шадар сайд - УИХ-ын гишүүн С.Амарсайхан
  2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ц.Нямдорж
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Уртнасан
  4. Сангийн сайд - УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  5. Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг
  6. Боловсрол, шинжлэх ухааны сайд - Л.Энх-Амгалан
  7. Соёлын сайд - Ч.Номин
  8. Эрүүл мэндийн сайд - С.Энхболд нар багтсан юм. 

-Д.САРАНГЭРЭЛ Н.УРТНАСАНЫГ ЗҮТГҮҮЛСЭН БОЛ, Т.МӨНХСАЙХАН С.ЭНХБОЛДЫГ ТОМИЛУУЛАВ-

Тэгвэл эдгээр сайдуудыг хэн зүтгүүлж Засгийн газарт оруулж чадсан тодруулбал, хэний хэн бэ гэдэг мэдээллийг бид хүргэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад томилогдсон Ц.Нямдоржийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урьж ажиллуулсан гэж өчигдөр чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнийн хувьд сулхан сайд нараар бүрдсэн танхимтай учир “гал тогоо” ахуйн ажлаа Ц.Нямдорж шиг хатуу хүнээр удирдуулах тактиктай байна гэх ойлголт олон нийтэд төрсөн.

Гэхдээ яг хачир дээрээ МАН дээр сайд нарын томилгооны асуудал яригдах үеэр л Ц.Нямдорж дарга нартайгаа уулзаж Хууль зүйн сайд болох хүсэлтэйгээ илэрхийлсэн гэдэг.

Тэгэхээр тэрбээр өөрөө сайд болохоор хичнээснээс гадна олон ажил ажилласан туршлага, хувийн зан араншин, байр суурийг нь харгалзаж энэ удаа сайдад томилж буй бололтой. Харин Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан хүнд цаг үед Улсын онцгой комиссыг тэргүүлэх хариуцлагыг хүлээж байна. Түүний хувьд намын дарга У.Хүрэлсүхийн дэмжлэгээр Хотын дарга, УИХ-ын гишүүн болсон нэгэн. Энэ удаа ч  мөн түүнийг У.Хүрэлсүх цойлтол дэмжив. Нөгөө талд тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай ч худ, ургийн холбоотой юм.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт томилогдож буй Н.Уртнасан гэх сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэйг өмнөх сайд Д.Сарангэрэл томилуулжээ. Өөрөөр хэлбэл, Н.Уртнасан нь Д.Сарангэрэлийн багийн гишүүн бөгөөд энэ хүртэл дэмжиж, хамтарч ирсэн хүн нь гэх мэдээлэл байгаа юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд ч мөн ялгаагүй өмнөх сайд Т.Мөнхсайханы дэмжлэгээр томилогджээ. Эрүүл мэндийн салбарт түүнийг Т.Мөнхсайханы хүн гэж ярьдаг байна.

Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан нарыг дахин томилогдвол олон нийт шүүмжлэх учраас өөрсдийн оронд хүнээ томилуулчих гэх саналыг У.Хүрэлсүх тавьсан гэх яриа байгаа юм. Тиймээс тэд ийнхүү ойрын хүнээ тавьжээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд М.Энхболдын фракц талдаа бөгөөд У.Хүрэлсүхийн ч аргыг олдог. Л.Энх-Амгалан ч мөн ялгаагүй. Энэ удаа У.Хүрэлсүх Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, эвтэй байхын тулд бүх фракцийн эрх ашгийг хангаж төлөөлөл бүрийг нь Засгийн газарт багтаасан. Тэгэхээр Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нарыг М.Энхболдын фракцаас оруулж гэж харагдахаар байна. Гэхдээ энэ удаа Сү.Батболдын фракц хүмүүсээ шинэ Засгийн газарт оруулаагүй бөгөөд энэ нь 32 дахь Засгийн газарт хяслан болж мэднэ гэх таамаг байгаа юм. Харин Ч.Номинг Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгүүлж Соёлын сайдад томилуулсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.  Б.Батцэцэгийн хувьд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын хүн гэж яригддаг билээ.