БАРИМТ: Замчид А.Гылымханыг ЗТХТ-ын даргад томилохыг эсэргүүцэж Л.Халтар сайдад шаардлага хүргүүлжээ 

БАРИМТ: Замчид А.Гылымханыг ЗТХТ-ын даргад томилохыг эсэргүүцэж Л.Халтар сайдад шаардлага хүргүүлжээ 

Баян-өлгий аймгийн засаг дарга асан А.Гылымхан, одоогийн засаг дарга Д.Баурыжан нар Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр баг байгуулахдаа Монгол Улсын Геодези зураг зүйн тухай хуулийн 11-р зүйлд заасан газар зүйн нэрийг нэрлэх, өөрчлөх, зөв бичих, хэрэглэх, түүнд тавигдах шаардлагыг хангах талаарх заалтыг зөрчиж, шинээр байгуулсан багаа улсын бүртгэлд Казах нэрээр оруулсан нь ШӨХТГ-ын шалгалтаар тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэг юм. А.Гылымхан, Д.Баурыжан нарыг уг үйлдэлд нь буруутган цагдаагийн байгууллагаас эрүүгийн хариуцлагад татан шалгаж байна. Энэ бол А.Гылымхантай холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл.

Үүнээс өмнө түүнтэй холбоотой хэд, хэдэн ноцтой мэдээлэл баримтаар хэвлэлүүдэд гарч байв. Тодруулбал, Баян-Өлгийд улсын төсвийн хөрөнгөөр тавигдсан бүхий л зам, барилгын тендерийн ажлыг А.Гылымхан, УИХ-ын гишүүн Х.Баделхан нар авч өөрсдийн хувийн компаниараа хийж гүйцэтгэсэн байдаг. А.Гылымхан, Х.Баделхан нарын хувьд нэг удмын ойрын хамаатнууд юм.

 Холбоотой баримт бүхий мэдээлэл ЭНД ДАРЖ үзнэ үү

Тэд өөрсдийн хувийн компаниар улсын ажлыг гүйцэтгэж төсвийг нь хувааж авдаг хармаа нэгтэй ах дүүсээс гадна эрх ашгийг маш их зөрчилтэй. Тухайлбал, А.Гылымхан, Х.Баделхан нар  Баян-Өлгий аймгийн төрийн албыг төрлийн алба болгож өөрийн ах, дүү хамаатан садан, үр хүүхдээ бүхий л хариуцлагатай албан тушаалд томилуулсан гэж нутгийнхан нь шүүмжилдэг.

А.Гылымханы хувьд Х.Баделханы дэмжлэгээр Баян-Өлгийн ЗДТГ-д удирдах албан тушаалтнаас эхлээд Засаг даргаар хүртэл ажиллаж байсан түүхтэй.  2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгийд нэр дэвшин өрсөлдсөн ч нутгийнхан түүнийг хоёронтоо сонгоогүй юм.

-ЗАМЧИД: А.ГЫЛЫМХАНЫГ ТОМИЛБОЛ ШАТ ДАРААЛСАН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛНЭ-

УИХ-ын сонгуульд ялагдаж, аймгийн Засаг даргын албан тушаалаасаа буусан тэрбээр энэ удаа “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргын албан тушаалд очихоор зүтгэж байгаа аж. Түүнийг УИХ-ын гишүүн Х.Баделхан ах нь зүтгүүлж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

Гэхдээ замын салбарынхан болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгж, компани,  төрийн болон төрийн бус байгууллагууд түүнийг уг албан тушаалд томилохыг эсэргүүцэж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт шаардлага хүртэл хүргүүлжээ. Учир нь А.Гылымханыг мэргэжлийн бусаас гадна эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэн байна.

Замын салбарынхны шаардлагад “Мэргэжлийн агентлаг, мэргэжлийн компаниудыг мэргэжлийн бус хүнээр удирдуулах нь авто замын засвар арчлалтын ажлын чанарт сөргөөр нөлөөлж, зам хэрэглэгч, татвар төлөгчдийн өнөөгийн шаардлагад нийцэхгүй байдалд хүргэх нэг шалтгаан болж байна. “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрмэнд заасан мэргэжлийн үндсэн чиг үүргээс нь гажуудуулахад шууд нөлөөлөх мэргэжлийн бус хүн томилох гэж байгаа нь туйлын харалган бодлого юм. Авто замын салбарт огт ажиллаж байгаагүй, авто замын талаар огтхон ч дадлага туршлагагүй мэргэжлийн бус хүнээр улс төрийн томилгоо нэрийдлээр удирдуулахаар, Төрийн бодлого, зохицуулалтын газар шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрхи шийдвэрийг эрс эсэргүүцэж байна.

Ийм шийдвэр гаргах үйл ажиллагаанд сайд таныг оролцоогүй гэдэгт итгэж байна. Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгуулага болох “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлыг авто замын салбарт ажиллаж байсан мэргэжлийн ур чадвартай, салбарт хүлээн зөвшөөрөгдсөн байх зарчмыг хангасан хүнээр удирдуулах зайлшгүй шаардлагатай. Бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд дараа, дараагийн шат дараалсан арга хэмжээг авч эсэргүүцэл илэрхийлэхээ мэдэгдье” гэжээ.

Ямартай ч түүнийг замын салбарынхан хүлээн зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж. Харин Л.Халтар сайд ямар шийдвэр гаргах нь анхаарал татаж байна.

Үүнээс гадна А.Гылымханыг уг албан тушаалд зүтгүүлж буй Х.Баделхан нь “Жол” гэх замын компанитай. Тэгэхээр дүүгээ “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргын албан тушаалд томилуулж дээрх компаниараа дахин улсын тендерийг хамах нь уу гэх хардлага ч зарим хүнд бий аж. Энэ хүнийг Баян-Өлгийнхөн дахин Засаг даргаараа томилоогүй нь түүний болж, бүтэхгүй намтар, хувийн эрх ашиг, хэт их шунал, орон нутгаа хөгжүүлж чадалгүй ах, дүүгээ албан тушаалд томилсон болон хууль бус үйлдэл хийж явдаг зэрэгтэй нь холбоотой гэж нутгийнхан нь ярьдаг юм.

ШААРДЛАГА БҮРЭН ЭХЭЭРЭЭ