Д.Наранжаргал: Засгийн газар, УОК-оос вакцинжуулалтын нарийн төлөвлөгөөг иргэдэд танилцуулах ёстой

Д.Наранжаргал: Засгийн газар, УОК-оос вакцинжуулалтын нарийн төлөвлөгөөг иргэдэд танилцуулах ёстой

COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн ээлжит хурал уржигдар болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тэрээр ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэж тус хуралдааны үеэр хэлсэн юм. 

ДЭМБ-ын "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улсаас вакцин авах ажил хурдацтай урагшилж буй бөгөөд эхний 1.5 сая тунг ойрын хугацаанд хүлээн авна гэж буй. Мөн Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцинаас гадна Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг эмийн бүртгэлд бүртгэн дээрх 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр төлөвлөөд байна. 

Энэтхэг улсын үйлдвэрлэсэн “Коваксин”  болон “Ковишиелд” гэх хоёр вакцин нь нэгдүгээр сарын 3-нд Энэтхэг улсдаа батлагдсан бөгөөд “Ковишиельд” нь тус улсын Пуна хотод байрладаг “Serum Institute” (SII) гэх газар үйлдвэрлэгдсэн “AstraZeneca” компанийн бүтээсэн вакцин юм.

Тэгвэл “AstraZeneca” компанийн бүтээсэн вакцин нь хэр үр дүнтэй талаар "Оном" сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Наранжаргал дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр "AstraZeneca-ийн вакцин одоохондоо ДЭМБ-аар батлагдаагүй байгаа. Гэхдээ батлагдах нь тодорхой гэж ойлгож болно. Яагаад гэхээр AstraZeneca-ийн вакцин Англи, Европын эмийн агентлагуудад батлагдчихсан. Европын эмийн агентлаг тав хоногийн өмнө баталчихаж байна гэхээр ДЭМБ-аар батлагдах нь ойлгомжтой. 60 хувийн үр дүнтэй гэж тооцож байгаа. Нөгөө хоёр вакцинаа бодвол арай бага үр дүнтэй гэж гарч байгаа. Гэхдээ гаж нөлөө харьцангуй бага байгаа. Хөнгөн ханиад хүрсэн мэт шинж тэмдэг, тариа хийсэн газарт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг л байна. Үүнээс илүү гаж нөлөө гараагүй.  Англи улсад хамгийн өргөн хүрэнд хийж байна" гэж Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Мөн тэрбээр "Коронавирусийн эсрэг вакциныг хоёр удаа хийлгэж байж дархлаа тогтоно. Манай улс нийт хүн амынхаа 70 хувьд нь хийнэ. 60 хувийн үр дүнтэй вакциныг хүн амынхаа 70 хувьд нь хийнэ гэхээр үр дүн багасаад явчихна. Уг нь манай улс аль болох өндөр үр дүнтэй вакцин сонгох нь зөв үр дүн юм. Үнэхээр олдохгүй бол AstraZeneca-ийн вакциныг оруулж ирээд дархлаажуулалтаа эхлэх нь зөв. Мөн вакцин орж ирсэн ч иргэдээ хэрхэн хамруулах төлөвлөгөөгөө нарийн болгох нь чухал. Жишээ нь вакцин хийсэн үгүйг цахимаар бүртгэх нь зөв юм. Ингэхдээ аль болох урт хугацаагаа бодож төлөвлөх нь зөв. Изриальчууд дижитал системтэй байсан учраас хамгийн түрүүнд Biontech-ийн вакциныг авсан. Ер нь хэн, хэзээ, хаана хийлгэх вэ гэдэг мэдээлэл нь тодорхой байхгүй бол тэгш бус байдал үүсчихэж магадгүй. Цөөн вакцин ирснийг боломжтой хүмүүс нь хийлгэчихвэл эмзэг бүлгийнхэн хийлгэхгүй үлдэнэ. Тэгэхээр эмзэг бүлгийнхэн нас барах магадлалтай" гэсэн байна.