Ж.Мөнхбат: Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солино

Ж.Мөнхбат: Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солино

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.

Тус байнгын хороо 2020 оны намрын чуулганы хугацаанд чиг үүргийнхээ хүрээнд 6 удаа хуралдаж, давхардсан тоогоор 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.  

УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий долоон ажлын баг байгуулав. Ажлын багууд найман удаа хуралдаж, ажлын багийн танилцуулга нэгийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл зургааг хэлэлцэн баталж, хуулийн төсөл 16, тогтоолын төсөл хоёрыг хэлэлцсэн байна. Түүнчлэн Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт дөрөв, анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт хоёр, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга нэг, зарчмын зөрүүтэй 27 саналын томьёоллыг бэлтгэн гаргаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль наймыг Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Ингээд УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж, хэрэгжүүлсэн онцлог ажлуудын талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, "Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн ажлын хүрээнд “1990-2020 оны Монгол Улсын улс төрийн тогтолцоо, улс төрийн харилцаан дахь алдаа, оноо”-ны асуудлаар судалгаа хийж, аналитик тойм бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын баг байгуулан ажилласан. Мөн  УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны хэрэгжилтийг хангах тухай ажлын баг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулганаар Музейн тухай хуулийг Монгол Улсад анх удаа баталснаар цаашид орчин цагийн музей хөгжих чухал ажил болсон. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Ингэснээр Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах боломжийг бүрдүүлж буйгаа онцлог юм. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, аяныг зохион байгуулсан. Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өргөн барихад бэлэн болоод байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ирэх хаврын чуулганаар Боловсролын тухай багц хуулийг хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд бага, дунд боловсролын хөтөлбөрийг хэрхэн тогтвортой байлгах, мөн багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд юунд анхаарах зэрэг асуудалд ихээхэн ач холбогдол өгч байна гэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг батлуулснаар боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй олгох, боловсролын бүх ажлыг зайнаас болон интернет технологид суурилсан байдлаар явуулах, багшийн нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн тогтвортой сургалтын хөтөлбөр болоод монгол хүүхдийн онцлогт нийцүүлсэн боловсрол олгох нь уг хуулийн гол зорилт юм гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний хүрээнд олон улсад өрсөлдөж чадахуйц Ерөнхий боловсролын 10 сургуулийг улсын хэмжээнд шинээр байгуулна. Эдгээр сургуулиуд нь олон улсын хөтөлбөртэй байх ба энэ оны төсөвт холбогдох зардлыг тусгасан болно. Мөн одоо байгаа 40 лаборатори сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэх, үүнийг дагаад багш, ажилтны цалин хөлс, урамшууллыг нэмэхээр төлөвлөж байгааг онцлов.