Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлөх чиглэлийг өгчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлөх чиглэлийг өгчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамтаар энэ сарын 01-ны өдөр /2021.02.01/ Улсын онцгой комиссын Шуурхай штаб Нийслэлийн онцгой комисст ажиллаж үйл ажиллагаатай нь танилцсан. 

Тэрбээр энэ үеэр "Уг байранд халдвар, хамгааллын дэглэм яагаад мөрдөгдөхгүй байна. Нөгөө хоёр метрийн зай баримтлах яасан. Та нар гаргасан шийдвэрээ өөрсдөө хэрэгжүүлэхгүй байж яаж ард түмэнд шаардлага тавих юм. Шийдвэр эндээс хэрэгжих ёстой. Та нар халдвар авдаггүй хүмүүс юм уу. Халдвар хэнийг ч ялгахгүй" гэж шүүмжилсэн. 

Мөн “Нийслэлийн онцгой комисс /НОК/-ыг шинэчилж, үйл ажиллагааг нь өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, Улсын онцгой комисстой уялдаа, холбоотой ажиллах ёстой. Мэдээллийг нэг сувгаар өгдөг болох хэрэгтэй. Иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй өөр үйл ажиллагаа явуулж бухимдал үүсгэдгээ болих хэрэгтэй” гэж Улсын онцгой комиссын даргын хувиар үүнд анхаарна биз хэмээн С.Амарсайханд үүрэг даалгавар өгсөн юм.

Уг уулзалтын үеэр Хотын дарга, НОК-ын дарга Д.Сумъяабазар байгаагүй бөгөөд орлогч Ж.Сандагсүрэнгээ орондоо явуулсан нь Ерөнхий сайдын бухимдлыг илүүтэй төрүүлж "Бүхэл бүтэн Шадар сайд, Ерөнхий сайд нь ирж байхад ийм байдалтай байж болохгүй. Тэгэхээр шинэчилье. НОК-ын дарга чинь хаана байна" хэмээн хайж байсан юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ын бүтцэд өөрчлөлт оруулж Хотын даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлөх чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн бололтой. 

Ж.Сандагсүрэнг чөлөөлж оронд нь илүү туршлагатай, чамбай хүн томилно гэж буй аж. 

Ж.Сандагсүрэнгийн хувьд Хотын даргын орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай удирдлагын багийг ахалдаг.  Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Мөн тус дүүрэгт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл бий.