УОК-той зөвшилцөлгүй гаргаад, цуцалсан НОК-ын шийдвэрээс болж захууд иргэдийн хөлд дарагдаад байна уу

УОК-той зөвшилцөлгүй гаргаад, цуцалсан НОК-ын шийдвэрээс болж захууд иргэдийн хөлд дарагдаад байна уу

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ачаалал ихтэй, иргэдийн хөлд дарагдсан байдалтай байна. Хархорин захад худалдаа эрхлэгч Э-тэй холбогдон энэ талаар тодруулахад "Өнөөдөр ачаалал хэт өндөр их байна. Дэлгүүрүүд хаах сургаар Хархорин захад урт дугаарлалт үүсээд байна" гэж мэдэгдлээ. 

Иргэд ийнхүү сандарч бужигнан олноор бөөгнөрч халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж буй нь Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын хариуцлагагүй үйлдэлтэй шууд холбоотой юм. Тодруулбал, энэ сарын 11-16-ны өдөр нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудыг ажилуулахгүй амрааж, 16-23-ны өдөр түгээлтээр хүнсний дэлгүүрүүдийг хангах шийдвэрийг Нийслэлийн онцгой комиссоос өчигдөр гаргасан.

Уг шийдвэрийг нь Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлийн зургаан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн удирдлагуудад танилцуулан зарим үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ дагуу дүүргийн удирдлагууд бүгд энэхүү шийдвэр гаргасан талаараа албан ёсны фэйж хуудсуудаараа дамжуулж олон нийтийн дунд сандрал үүсгэсэн гэж болно. Сар шинийн баярын болон хөл, хорионы үеэр хэрэглэх хүнсээ цуглуулахаар төлөвлөж байсан иргэд, хүнсний дэлгүүрүүд ч энэхүү эрсдэлтэй шийдвэрийг эсэргүүцэж эхэлсэн. Харин энэ үед УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг хуралдаж, хүнсний дэлгүүрүүдийг хөл хорионы хугацаанд хаахгүй гэдгээ шөнө дөлөөр зарласан ч иргэд өмнөх мэдээллээрээ өнөөдөр гарч гүйгээд зах дээр бужигнаж байна.

Энэ нь НОК-ын УОК-ын уялдаагүй ажилласны гор. Мөн НОК шийдвэр гаргахдаа УОК-той зөвлөлдөлгүй шийдвэр гаргаж дунд нь иргэдийг хохироож буй давтан үйлдлийн буруу юм. 

Цар тахлын халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, халдварын шинэ голомтууд үүссэн энэ цаг үед нэгдсэн зохион байгуулалт, бодлого шийдвэртэй ажиллах ёстой хоёр байгууллага бол УОК, НОК. Тус хоёр байгууллага нэгдсэн зохион байгуулалттай байж хамтарсан шийдвэрийг гаргаж, биелэлтэд анхаарч ажиллах ёстой юм. Гэтэл УОК, НОК хоёр тийшээ харж суучихаад нэгнээсээ давсан шийдвэрийг дураараа гаргаж дунд нь иргэдийг хохироож буй үйлдэл хэдэнтээ давтагдлаа. Сүүлийн үед НОК нь шийдвэр гаргаж УОК араас нь үгүйсгэдэг л жишиг манайд тогтов. Ийм алдааг дахин гаргахгүй байхад анхаарахгүй бол халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж, иргэдийг өвчлүүлэх улмаар хувийн хэвшлийг хохироож, үнэ хөөрөгдөх аюулд хүртэл хүргэж мэдэх нь. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө