Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн ажлыг ЦЕГ-ын дарга асан Р.Чингис өнгөрсөн шөнө авчээ

2021-02-10 16:27

Хоёрдугаар орлогчоор Ж.Сандагсүрэнг томилох саналаа Д.Сумъяабазар НИТХ-д хүргүүлжээ

Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон талаар бид өнөөдөр мэдээлсэн.  

Тэгвэл Д.Сумъяабазар нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэнгээ Нийгмийн асуудал хариуцсан засаг даргын орлогч буюу хоёрдугаар орлогчид томилохоор шийдвэрлэсэн бололтой. 

Учир нь Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандаж, “Зөвшилцөх санал хүргүүлэх тухай” албан тоот илгээжээ. Тус албан тоотод “Нийслэлийн засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу Нийслэлийн засаг даргын Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалаас Н.Баярчимэгийг чөлөөлж, түүнийг оронд Ж.Сандагсүрэнг томилуулахаар зөвшилцөх саналыг хүргүүлж байна” гэжээ. 

Д.Сумъяабазараас НИТХ-ын даргад явуулсан албан тоот 2021.02.10

2021-02-10 07:45

Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн ажлыг ЦЕГ-ын дарга асан Р.Чингис өнгөрсөн шөнө авчээ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг томилсон байна.

Өчигдөр /2021.02.09/ ажил тарсны дараа буюу 2O:00 цагт Р.Чингис Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчийн тамга, албан өрөөгөө хүлээн авч ажилдаа оржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Чингисийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилогдож  буйг албан ёсоор өнөөдөр олон нийтэд мэдэгдэх юм байна.

-Р.ЧИНГИС ГЭЖ ХЭН БЭ-

Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй баг нэг, ойр харилцаатай гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна. Энэ ч утгаараа тус албан тушаалд томилогдож буй бололтой. Тэрбээр 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөнөөсөө хойш  Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн академийн даргын албан тушаалыг хашиж байжээ. Тэрбээр Замын цагдаагийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ринчиндоржийн хүү бөгөөд 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ЦЕГ-ын даргаар томилогдож 2016 оны сүүлээр тус ажлаа өгч байсан юм.  2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн байна.

-Ж.САНДАГСҮРЭН АЖИЛДАА МУУДАА ЧӨЛӨӨЛӨГДӨӨГҮЙ. Д.АМАРБАЯСГАЛАН,
Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН ЗОДООН ИЛ БОЛЖ БАЙНА УУ-

Манай сайт өнгөрсөн оны наймдугаар сард “Нийслэлийн МАН-ын хороог татан буулгах Д.Амарбаясгалангийн санал У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарыг зодолдоход хүргэв үү” гэх гарчигтай нийтлэлийг хүргэж байсан. Тус нийтлэлд Нийслэлийн намын хороогоо булаацалдсан МАН-ын удирдлагуудын зөрчил хурцдаж улмаар Д.Сумъяабазар, У.Хүрэлсүхийг зодоход хүргэсэн тухай өгүүлсөн. Тус нийтлэлийг ЭНД дарж уншина уу. Дээрхээс үзвэл нийслэлийн МАН-ыг авахын төлөөх Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын “зодоон” өнгөрсөн наймдугаар сараас хойш далдхан явсаар өнөөдөр ил боллоо гэж дүгнэж болохоор байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаас огцруулж оронд нь Шадар сайд С.Амарсайханыг томилох хүсэл Д.Амарбаясгаланд байгаа аж. Тиймээс нэг багийн Л.Оюун-Эрдэнээр дамжуулан Д.Сумъяабазарт шахалт үзүүлж буй нь энэ гэх.

Харин нөгөө талд Д.Сумъяабазар амархан бууж өгөх сүбьект биш. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нийлж Д.Сумъяабазарын багийг задалж Ж.Сандагсүрэнг явуулж байна. Үүний дараагийн сануулга Д.Сумъяабазарыг огцруулах ажил ч байж болох юм. Ж.Сандагсүрэн бол Д.Сумъяабазарын хамгийн ойрын итгэлтэй хүн. Гол ажлыг нь нугалдаг албан тушаалтанг нь халуулж байна гэдэг баруун гаргүй болгож буйтай ижил үйлдэл юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамтаар энэ сарын 01-ны өдөр /2021.02.01/ Улсын онцгой комиссын Шуурхай штаб Нийслэлийн онцгой комисст ажиллаж үйл ажиллагаатай нь танилцсан. 

Уг уулзалтын үеэр Хотын дарга, НОК-ын дарга Д.Сумъяабазар байгаагүй бөгөөд орлогч Ж.Сандагсүрэнгээ орондоо явуулсан нь Ерөнхий сайдын бухимдлыг төрүүлж "Бүхэл бүтэн Шадар сайд, Ерөнхий сайд нь ирж байхад ийм байдалтай байж болохгүй. Тэгэхээр шинэчилье. НОК-ын дарга чинь хаана байна" хэмээн хайсан. Д.Сумъяабазарын хувьд ганц үүгээр зогсохгүй УОК, Засгийн газрын шийдвэрийг дагахгүй, үгэнд нь орохгүй зөрсөн  үйлдлийг маш олон удаа гаргаад байгаа билээ. Харин Ж.Сандагсүрэнгийн хувьд Хотын даргын орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай удирдлагын багийг ахалж байснаас гадна Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн юм.