Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Эрсдэлийн үеийн мэдээлэл, харилцааны түр хороо байгуулахаар болсон талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тус хороонд цар тахлын үед ажиллаж байгаа байгууллага болон УОК-ын гишүүд, соёлын дэд сайд, дэд сайд, нарын хүмүүс хамтран цахим мэдээллийн сан үүсгэхээр ажиллаж буйг тодотгов. Ингэснээр, бүх шатны дундын мэдээллийн санг бий болгож тус цахим сангаас мэдээлэл гаргадаг, түгээдэг, боловсруулдаг, тэр хэрээр иргэдэд дэглэм сахихтай холбоотой эрсдэл, аюулын зэрэглэлийг тогтосоон бодитой мэдээлэл, зөвлөмжийг хүргэх ач холбогдолтой гэдгийг Шадар сайд мэдээллийн үеэр цохон тэмдэглэв.
Тэрбээр, албан бус батлагдаагүй мэдээлэл гарснаар иргэд, төрийн албан хаагчдын хооронд үл ойлголцол гарч ажил доголддог байдлыг таслан зогсооход энэ ажил тустай гэдгийг тайлбарлав. Энэ хүрээнд УОК-оос нэр бүхий тодорхой албан тушаалтан өдөр тутам мэдээлэл өгөх бөгөөд өөр шатны төрийн захиргааны байгууллагын албан хаагч таамаг мэдээ тараахгүй байх шаардлагатай гэдгийг мэдээллийн үеэр тодотгов. Тус түр хороонд Засгийн газрын хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс мөн багтаж байгааг дурдлаа.
Мөн Улсын онцгой комиссын Шуурхай штабын дэргэд оператор утсыг ажиллуулж иргэдэд мэдээлэл өгөх аж.