СХД-ийн нөхөн сонгуульд Д.Амарбаясгалан нэр дэвшихгүй, Э.Батшугар МАН-аас өрсөлдөх үү

СХД-ийн нөхөн сонгуульд Д.Амарбаясгалан нэр дэвшихгүй, Э.Батшугар МАН-аас өрсөлдөх үү

Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэх асуудал яригдаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Тодруулбал, дээрх хоёр намыг нэгтгэх уулзалтыг МАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалан, МАХН-аас нарийн бичгийн дарга Б.Тулга, О.Цолмон нар хариуцаж хийж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Товчхондоо, МАХН-ын гишүүдийг МАН-д нэгдэх саналыг тус намаас тавьж байгаа гэдэг.

Тэгвэл зарим эх сурвалжууд “МАН, МАХН-ууд нэгдэж удахгүй болох Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас Н.Энхбаяр хүү Э.Батшугар нэр дэвших тохироог хийж байгаа” гэх мэдээллийг өгч байна.

Учир нь Д.Сумъяабазар хотын дарга болж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан тул, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь Сонгино хайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг хийхээр болсон билээ. Харин МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн таамга байсан ч, тэрээр хүмүүст “нөхөн сонгуульд нэр дэвшихгүй” гэдгээ хэлсэн байна. Мөн тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд ХЭГ-ын даргаар томилох санал ирсэн ч, татгалзсан гэх мэдээлэл бий. Тэгвэл МАН, МАХН-ууд нэгдэх уулзалтын нэг хэсэгт Сонгино хайрхан дүүргийн нөхөн сонгуульд яригдаж байж магадгүй байна.