Айлын ба манай ХУРАНДАА

Айлын ба манай ХУРАНДАА

Дэлхийн 2-р дайнаар хамгийн их хөлжсөн улс нь Канад, Австрали, Аргентин гурав. Дайнд оролцоогүй бөгөөд дайны хүнс, аж үйлдвэрийн бүхий л эд барааг хангасан улс. Эдийн засгийн энэ суурь дээрээ гозойтол хөгжсөн нь Канад, Австрали харин оцойтол жийгдсэн нь Аргентин.

-НӨХӨР ХУРАНДААГИЙН АУГАА ИХ ХАЙРЫГ ХАНГАГЧ ҮЙЛДВЭРҮҮД ЭХНЭЭСЭЭ СӨХӨРЧ, ХЭРЭГЦЭЭГҮЙ БОЛЖ ЭХЛЭВ-

Тэнд хурандаа Хуан Перон гэгч эр 1945 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар баярын парад гунигийн симфони болох зам зурайж эхлэх нь тэр. Нөхөр хурандаа ард түмэндээ жигтэйхэн хайртай, баруун солгойгүй барьж авч үнсээд “хамгаалагчид холд ард түмэн намайг хамгаална” гэх нь холгүй их хайр зарлажээ. Төсөвт эзлэх халамжийн хэмжээ эгшин зуур 30 хувьд хүрчээ. Томоохон уурхайн ашгийг 13 дахь сарын цалин болгож тараав. Зүйрлэвээс манай эрдэнэт үйлдвэр ард түмний ус цахилгаан төлж байгаатай агаар нэг. Хамаг юм нь моральд орчихсон тус үйлдвэр 1 тэрбум долларын капитал шинэчлэл хийхгүйгээр удахгүй амь тасрахтай тулаад байгаа. Хэдий ийм ч 650 тэрбумаар та бидний ус, цахилгааныг төлж амь тавихдаа ч саалиа шавхан буян болж байгаа.

Нөхөр хурандаагийн социалист уриан дор утгагүй төслүүд ч их өрнөжээ. Ямар ч хэрэгцээгүй цэргийн байгууламжид маш их мөнгө цутгав. Хэн ч, хэзээ ч явахгүй төмөр замууд тавигдав. Зүйрлэвэл манай Тавантолгой 270-хан км газар төмөр зам тавибал борлуулалт нь 3 дахин өсөх байтал өөрт нь хүртээлгүй 3үүн баянгийн төмөр замд мөнгөө тушааж байгаатай агаар нэг.  Чөлөөт эдийн засагтай аль ч улсад хувийн ч бай, улсын бай уурхайн захирал өөрт нь ямар ч хамааралгүй төмөр замд 750 тэрбум төгрөг оруулахгүй. Хувийнх нь бол хусагдаж, төрийнх бол шоронд орно. Харин манайд гавьяатаар энгэрээ мялайж байх жишээтэй.

Нөхөр хурандаагийн дор нийгэмчлэл асар хурдтай явагдав. Төмөр зам, банк, даатгал, загас агнуур, уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо гээд бүх салбар төрийнх болов. Аж үйлдвэрийн бүхий л баялгийг ард түмэндээ тэнцүү сайхан тарааж өгдөг болов. Эрдэнэтийн орлогоор цахилгаанаа, салхитын орлогоор ахмадын зээлээ гэдэгтэй яг ижил. Аж үйлдвэрийн эдийн засгийн утга алдагдаж зөвхөн ард түмнийг хайрлан халамжлагч болж хувирчээ. Ашиг нь тухайн үйлдвэртээ хүртээлгүй учраас шинэ зах зээл, хөгжил энэ тэр ямар ч хэрэггүй. Дээр нь техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт гэж байхгүй. Нөхөр хурандаагийн аугаа их хайрыг хангагч үйлдвэрүүд эхнээсээ сөхөрч, дампуурч хэнд ч хэрэгцээгүй болж эхлэв. Хэдхэн жил тансаглаад дэлхийн эхний 10-т орж байсан эдийн засаг дампуурлын замруугаа оржээ.

1951 он гэхэд Аргентин хоосорсон байв. Ингээд мөнгийг баруун солгойгүй хэвлэж хэсэг хугацаанд торгоов. Удалгүй ханш нь шалаар нэг унав. Дүрмийн дагуу манай “Фи Эм” 10 их наядын хөтөлбөр эхлүүлэхээр зэхэж байгаатай агаар нэг. Манай хурандаа, Хүрлээ хоёрын засаг санхүү барьж явсан үеийн төсвийн алдагдлыг төв банкинд бонд шахаж хуримтлуулсаар өдгөө 5 их наяд дөхжээ. Одоо тэр мөнгөө эдийн засгийг аврах хөтөлбөр нэрийн дор зах зээлд гаргах гэж байна. Шинээр мөнгө хэвлэхгүй гэдэг нь үнэн. Гэхдээ мөнгөний нийлүүлэлтийг нөөцөөс зохиомлоор өсгөх учраас хэвлэснээс ялгаагүй.

Өдгөө хурандаагаас хойш арван Ерөнхийлөгч солигдсон ч эдийн засгийн гүн хар хавцлыг нөхөж чадалгүй өдий хүрч байна. Энэ бүхнийг эхлүүлсэн Хуаныг ард түмэн шүтэн бишрэх бөгөөд эхнэрийг нь Ерөнхийлөгчөөр хүртэл сонгож байв. Аргентин ёроолгүй унаж, хурандаа оройгүй шүтэгдэнэ.

Аргентиний хурандаа улсаа орхиж зугтаасан бол манай хурандаа албаа орхиж өөр сэнтийрүү зугтах нь тэр. Аргентин хурандаа болсон бүх явдалд Англичуудыг буруутгадаг бол манай хурандаа Манан, Женко зэрэг дотоодын дайснаа буруутгана. Дайсан байгаа цагт баатар байдаг. Дайсан дарагдвал баатарын хэрэг дуусдаг. Эхний дайснаа дарсан ч дараагийн дайсан гараад ирлээ гэдэг домгоор дайснаас дайсны хооронд баатарлаг тэмцэгч байх технологи бол улс төрд шалгарсан арга л даа.  За энэ ч яахав.

-НӨХӨР ХУРАНДААГИЙН ҮЕД ХЭДЭН ХҮН АЖИЛТАЙ БОЛОВ, ХИЧНЭЭН ҮЙЛДВЭР БАРИГДАЖ, ХЭДЭН КМ ЗАМ ТАВИГДАВ-

Манай хурандаа болбоос сүүлийн хориод жилд 50 хувийн рейтинг давсан анхны улс төрч. Улс төрийн хоёр намыг нийлүүлснээс ч илүү өндөр рейтингтэй явсан гээд бодохоор түүний ард түмэндээ зарласан их хайр гүн бат. Сериал хийвэл 70 анги өлхөн давна.

Ер нь бид нар хурандаагийн удирдсан хугацаанд яг яасан билээ бодьё. Ямар том төсөл хөдөллөө? Эдийн засгийн хувьд, хүмүүсийн амьжиргаа орлогыг дээшлүүлэх чиглэлд яг бодитой юу хийгдсэн билээ. Шахмал түлшний алдагдалтай үйлдвэрээс өөр ямар шинэ үйлдвэр ашиглалтанд орлоо. Хэдэн компани гадаадын зах зээлд IPO гаргав. Шударга ёсны хувьсгал нь амьдрал дээр яаж өгөөжөө өгөв. 100 саяар охиныхоо төлбөрийг төлсөн захиралд сануулга өгдөг атлаа ажил дээрээ зуу татсан хурган дарга нарыг халж бааварлахыг нь шударга ёсны хувьсгал гэх үү. Хэдэн хүн ажилтай болов, хэдэн хүн орон сууцанд оров, хэчнээс километр зам тавигдав. Ер нь яг яалаа? Гээд бодсон чинь соёлт хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг үзүүлэлтээр бид урагшаа биш хойшоо алхжээ.

105-т явсан авлигийн индекс шударга ёсны хувьсгалаас хойш 111-т болтолтоо хойшилжээ. 9.3 их наядын өр төлсөн гэдэг атлаа Засгийн газрын өр 14 их наядаас 24 их наяд болтолоо өсөөд өгчээ.  Нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр 131-т ордог байснаа 134-т орж хойшоо гурав алхсан байна. 116-т орж байсан шүүхийн хараат бус байдлын индексээр 130-т орж хойшлов. 99-р байрт байсан өрсөлдөх чадварын индексээр 102-т болтолоо хойшилжээ. 69-р байрт орж байсан хэвлэлийн эрх чөлөөний индексээр 73-р байрт оржээ. 2017 оноос хойш ингэж уруудсан байна.

Хурандаагийн баруун солгойгүй эрхлүүлж хайрлаж байгаа энэ их хайрын төлбөрийг бид хонгоныхоо махыг зулгааж төлөх өдрүүд удахгүй ирнэ. Харин энэ бүхэн хурандаад хамаагүй. Байгаа бүхнээ тавьж туугаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь чухал. Сапирсан эдийн засаг үлдээчихээд “миний үед ард түмнээ ингэж хайрладаг байлаа та нар чадахгүй байна” гэж чуулганы хоймроос бааварлаж суух зургаан жилийн карьер…

Хамаг юм нь азаартаж бодит хөрсөн дээр юу ч өөрчлөөгдөөгүй харин ч уруудсан гэдэг нь мэдэгдэх торгон агшинд тэр амжиж морио сэлгээд өөрийн сум зөөдөг бага даргаа тоглоомын командлагч болгон галаас бултаад амжив. Бага дарга хурандаагийн явсан замаас огт гажихгүй, хазайхгүй явна гэдгээ илэрхийлэхийн ялдамд гал дарахаар 10 их наядын допинг шахахаар зэхэж байна. Фи Эмийн суудалд нэг  их удахгүйгээ мэдэж байгаа хүнд галтай бөмбөлөгөө хойшоо шийдээд өөрийнхөө цаг хугацааг найрлаж өнгөрөөх нь зөв л дөө.  Гэвч галт бөмбөлөг улам томорсоор хойшилсоор, дараагийн удаад хямрал биднийг ёстой жинхэнэ утгаар нь ташуурдах биз ээ.