Т.Оюунхүү: Халагдах өргөдөлөө өгөхгүй бол ажилчдын цалинг буулгахгүй гэсэн тул би хамт олноо бодоод ажлаасаа гарсан

Т.Оюунхүү: Халагдах өргөдөлөө өгөхгүй бол ажилчдын цалинг буулгахгүй гэсэн тул би хамт олноо бодоод ажлаасаа гарсан

Орон нутгийн сонгууль өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд болж МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин тус намын албан тушаалын халаа сэлгээ өнөөдрийг хүртэл зарим дүүрэг, хороодод үргэлжилсээр байгаа бололтой. Өчигдөр цахим орчинд Баянзүрх дүүргийн 16-р хороонд үйлчлэгчийн ажилтай нэгэн эмэгтэй хууль бусаар ажлаасаа халагдсан талаарх мэдээлэл гарч, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.

Тодруулбал, тус хорооны засаг дарга С.Ганчимэг энэ хоёрдугаар сарын эхээр албан тушаалаа өгч түүний оронд Б.Булганхүү гэх эмэгтэй үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.

Гэвч тус хороонд ажилладаг байсан үйлчлэгч, хэсгийн ахлагчдыг ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр ажлаас гарах өргөдөлөө өгөхийг шаардаж эхэлсэн байна.

Улмаар түүний дарамт шахалтаас болж олон жил хамт олонтойгоо ажилласан үйлчлэгч Т.Оюунхүү гэх эмэгтэй өнгөрсөн мягмар гараг буюу энэ сарын 16-нд өргөдөлөө өгч, ажлаасаа халагджээ. Тэрээр айлын хашаанд гэр барьж амьдардаг, өрх толгойлсон түүний хувьд цар тахлын хүнд  хэцүү үед ажлаасаа халагдаж, амь зуух ажилгүй болсондоо гомдолтой байгаа бөгөөд ямар учир шалтгааны улмаас халагдах болсоноо ч мэдэхгүй байгаа аж. Бид Т.Оюунхүү гэх эмэгтэйтэй утсаар холбогдож ярилцлаа.

-АЖЛААСАА ЯАГААД ХАЛАГДАХ БОЛСОН ШАЛТГААНАА МЭДЭХГҮЙ БАЙНА. АСУУХААР “ДЭЭРЭЭС ХАЛАХ ТУШААЛ ИРСЭН” ГЭЖ ХЭЛСЭН-

-Сайн байна уу, та юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу, намайг Т.Оюунхүү гэдэг. Би 2009 оноос эхлэн БЗД-ийн 16-р хороонд үйчлэгчээр ажиллаж байгаа жирийн л нэг эмэгтэй. Хоёр хүүхэд мөн зээтэйгээ хамт амьдардаг.

-Ямар шалтгааны улмаас ажлаасаа халагдах болсон бэ?

-Би тэрийг огт мэдэхгүй, ойлгохгүй байгаа. Асуухаар “дээрээс хүмүүсийг хал гэсэн тушаал ирсэн, та халагдах өргөдлөө өг” л гэдэг. Уг нь миний хувьд ажлын хариуцлага алдсан, алдаа гаргасан зүйл огт байхгүй. Хүний хий гэснийг хийгээд л аль болох хамт олонтойгоо эвтэй байхыг хичээж ирсэн боловч энэ хүнд таалагдсангүй. Т.Булганхүү гээд хүн бол яг одоогийн байдлаар албан ёсоор засаг дарга болоогүй л дээ. Халдварт өвчинтэй байгаа болохоор түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

-Хэзээнээс таныг халагдах өргөдлөө өгөхийг шаардаж эхэлсэн юм бэ?

-Т.Булганхүү дарга хоёрдугаар сарын 3-нд анх ирсэн. Ирснээсээ хойш үргэлж л “өргөдлөө өг” гэж хэлж байсан. Тэгээд л аргагүйн эрхэнд би хоёрдугаар сарын 16-нд өргөдлөө өгөхөд, өчигдөр \2021.02.17\ тушаал нь гараад л халагдчихсан. Анх ирээд л шууд “өргөдлөө өг, өгөхгүй бол ажилчдын цалинг буулгахгүй” гэж хэлсэн. Би эхэндээ гарахгүй гэж гүрийсэн ч сар шинийн баярын үеэр яаж хүмүүсийг цалин, мөнгөгүй байлгах вэ гээд арга буюу хамт олноо бодоод л тийм шийдвэр гаргасан. Өргөдлөө би өөрөө ч бичиж чадаагүй, гар чичрээд, гомдоод юу гэж бичихээ мэдэхгүй их тулгамдсан. Тэгээд нэг хэсгийн ахлагчаа гуйж байгаад бичүүлээд, доор нь гарын үсэг, утасны дугаараа бичээд өгсөн.

-Таниас өөр халагдаж байгаа хүн байгаа юу?

-Би хамгийн эхэнд халагдсан. Дараагаар нь зохион байгуулагчид, жижүүрүүд, төрийн алба хаагчид гээд хэд хэдэн хүмүүс гуравдугаар сарын 1 хүртэл ажилчихаад халагдахаар болсон гэсэн.

-ОГТ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ХҮМҮҮСЭЭР ДУУДУУЛААД ӨРӨӨНД НЬ ОРОХООР “ХУРДАН ӨРГӨДЛӨӨ ӨГ, БИТГИЙ АЖИЛ ХҮНДРҮҮЛЭЭД БАЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

-Хүмүүс таныг ажилдаа хариуцлагатай ханддаг, харилцаа сайтай хүн байдаг гэж цахим орчинд их бичсэн харагдана лээ, ер нь ажлаасаа гарах болсныг тань сонсоод хамт олон чинь яаж хүлээж авсан бэ?

-Бүгд надад уурлаж байсан. “Яагаад өгч байгаа юм бэ, байж байхгүй яасан юм” гээд. Би ч хэлсэн л дээ. Огт ажил хийлгэхгүй байн, байн дуудаад хэцүү байна гээд. Шинээр орж байгаа хэсгийн ахлагчид гээд хоёр эмэгтэйг өрөөндөө суулгачихаад, тэр хоёроор намайг үе үе дуудуулна. Яасан бэ миний дүү гэхээр “дарга дуудаж байна” гэнэ. Тэгээд гүйгээд орохоор “Т.Оюунхүү өргөдлөө хурдан өг, бусад чинь өгчихөөд байна. Би өргөдлүүдийг чинь аваад явах гээд байна. Битгий хүний ажил хүндрүүлээд бай” гэнэ. Би эхэндээ гүрийгээд “би өгөхгүй ээ даргаа гэтэл “чи яахаараа өгдөггүй юм, өг чи” гэсэн. Тэгээд л яах аргагүй өгсөн дөө.

-Танай байгууллагад таниас өөр үйлчлэгч байдаг уу?

-Байхгүй, би ганцаараа ажилладаг юм. Өчигдөр тушаалтайгаа танилцах гээд очтол өөр хүн авчихсан байсан. Тэгээд “тушаалтайгаа танилц, наад хүндээ ажлаа хүлээлгэж өг” гэсэн. Надад хүлээлгэж өгөөд байх юу байхав дээ,хэдэн түмпэн, шалны арчуур, шалны мод л байгаа юм чинь.

-Өмнө нь ер нь иймэрхүү дарамт шахалт ирж байв уу?

-Өмнө нь огт ийм дарамт шахалт ирж байгаагүй, би анх 2009 онд МАН-ын даргатай ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш АН-ын, МАН-ын гээд олон л дарга, төрийн алба хаагчидтай хамт ажиллаж ирсэн л дээ. Тэр хугацаанд надад энэ удаагийнх шиг зүйл огт тохиолдож байгаагүй. Хэнд ч хар, буруу саналгүй урдах ажлаа л хийж ирсэн эгч нь.

-Цахим орчинд тархаад байгаа бичлэгээ хэзээ, хэнээр хийлгүүлсэн бэ?

-Ажлаасаа халагдаад би яах аа мэдэхгүй хамгийн эхэнд олон түмэндээ л хандсан. Олон жил хамт олонтойгоо сайхан ажиллаад ирсэн, намайг тодорхой хэмжээнд мэддэг, таньдаг хүмүүс бас бий. Харин тэр ажлаас халсан хүн намайг зүгээр л нэг цэвэрлэгчийн нүдээр л хараад байх шиг байна. Би ч гэсэн хүн шүү дээ. Би хүүхдээрээ тэр бичлэгээ хийлгэсэн.

-ЭНЭ ХҮН БАЙГАА ЦАГТ БУЦАЖ АЖИЛДАА ОРОХ БОДОЛГҮЙ БАЙНА. ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГ МААНЬ БАЙХГҮЙ БОЛСОН-

-Хүмүүс холбогдож ажлын санал тавьсан гэж дуулсан?

-Өө тэгсэн, хүмүүс их залгаж ажлын санал тавьж байгаад их баярлаж байна. Юу ч гэсэн хөл хорио тавигдаад, ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдөөд, хувийн асуудлуудаа цэгцэлчихээд эргээд холбогдьё гээд хэлсэн байгаа.

-Халагдах өргөдлөө өгөхгүй бол ажилчдыг цалинг тавихгүй гэж хэлсэн юм уу?

-Тийм ээ, тэгж байсан. Бид нарын цалин битүүний бүр орой орсон. Тэгээд л би цаашдаа энэ хүн хамтарч ажиллахгүй гээд байхад ингэж бусдыгаа хохироогоод яахав. Ахиж цалин хөлсийг нь хойшлуулах вий гээд санаа зовсондоо өргөдлөө өгсөн юм.

-Асуудал шийдэгдээд буцаад ажилдаа ор гэвэл орох бодолтой байна уу?

-Энэ хүн байгаа цагт эгч нь огт орох бодолгүй байна. Бид маш сайхан хамт олон байсан. Бие биедээ тусалдаг, жаргал зовлонгоо хуваалцдаг, хамт гар нийлж ажиллаж чаддаг хүмүүс байсан. Гэтэл халаа, сэлгээ гээд ажилчдыг халж байна. Буцаад орвол байгууллагын уур амьсгал ямар ч байх юм билээ. Надад бол эвгүй л байна. Хүний урам, зориг, эрч хүчийг ингэж дэвсэлж болохгүй шүү дээ. Өмнөх дарга нар хүний амьдралыг их ойлгодог хүмүүс байсан. Ер нь хороо гэдэг чинь дан хүмүүстэй ажиллана гэсэн үг. Энд өрх толгойлсон ээжүүд, эхчүүд ч их ажилладаг.

-Таны хувьд өрх толгойлсон эмэгтэй, айлын хашаанд амьдардаг гэсэн?

-Тийм ээ, би цалингийн зээл аваад таван ханатай гэртэй болсон. Одоо айлын хашаанд амьдардаг. Хүү, охин, зээ гуравтайгаа амьдардаг. Одоо коронавирус гээд хүү, охин хоёр маань энд тэнд цагийн ажил хийгээд л байж байна.

Бид ажлаасаа халагдсан гэх Т.Оюунхүүтэй холбогдсны дараагаар БЗД-ийн 16-р хороонд зохион байгуулагчаар ажилладаг Ч.Уянга гэх эмэгтэйтэй холбогдож энэ талаар асуухад “энэ хүн уг нь хуулиараа бидний халах эрхгүй хүн. Гэхдээ байдал ийм болсон учир би ч гэсэн өргөдлөө өгөхөөр болсон” гэсэн хариултыг өгсөн юм.