Итгэл бууруулсан шүүгчдэд хариуцлага тооцох “Ёс зүйн хороо”-ны 5 гишүүний бүрэн эрх дуусаж, чадамжгүй болжээ

Итгэл бууруулсан шүүгчдэд хариуцлага тооцох “Ёс зүйн хороо”-ны 5 гишүүний бүрэн эрх дуусаж, чадамжгүй болжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй байгаа юм. 

Иймд тус бичлэгт гарсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид гэх Б, И” нарт ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг зарим иргэд шаардаж байна. Харин тус бичлэгийн талаар шүүгч Б-тэй холбогдож тайлбар авах гэхэд тэрээр ““Би тайлбар өгөхгүй. Хуулиараа тайлбар өгч болдоггүй. Өөр хэлэх зүйл байхгүй” гэсэн байгаа юм. Тэгвэл тэдэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, тус албан тушаалаас нь огцруулж болох хуулийн нөхцөл харагдаж байгаа юм. “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ЁС ЗҮЙН ДҮРЭМ ЗӨРЧСӨН ШҮҮГЧИЙГ ОГЦРУУЛАХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ-

Учир нь “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.1 –д “Шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; Шүүгчийн ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх; Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино” гэж заажээ. 

Учир нь тэдний дээрх үйлдэл нь хувийн амьдралд баримтлах зарчмаа алдаж, цаашлаад иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулсан байх талтай юм.

Мөн дүрмийн 2.3.1 –д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж тусгажээ. Тодруулбал, тэдний тус бичлэг нь зохисгүй байдалд гаргасанд хамаарч болох юм. Улмаар “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.1 –д “Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ” гэжээ. Харин ирэх гуравдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчингүй болох “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 37.1 –д “Шүүгч энэ хууль, шүүгчийн ёс зүйн дүрэм, шүүхийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол түүнд дор дурдсан сахилгын арга хэмжээний аль нэгийг авна:

  • 37.1.1.сануулах;
  • 37.1.2.зургаан сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар цалинг бууруулах;
  • 37.1.3.огцруулах.

Мөн хуулийн 37.2 –д Энэ хуулийн 37.1.3-т заасан сахилгын арга хэмжээ оногдуулсан тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж заажээ. Тэгэхээр ес зүйн зөрчил гаргасан шүүгчийг Ерөнхийлөгч Х.Баттулга огцруулах ажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ШҮҮГЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ “ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ХОРОО”-НЫ НИЙТ 9 ГИШҮҮНИЙ 5-ЫНХ НЬ БҮРЭН ЭРХ ДУУСГАВАР БОЛЖЭЭ-

Харин “Ёс зүйн дүрмээ” зөрчсөн шүүгч нарын асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх “Шүүхийн ёс зүйн хороо” хэлэлцээд, шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай юм байна. Харин тус хороо нь нийт есөн гишүүнтэй ба олонхийн саналаар шийдвэр гаргадаг ажээ.

Гэтэл тус хорооны таван гишүүнийх нь бүрэн эрх нь дуусгавар болсон байна. Цаашлаад шийдвэр гаргах чадамжгүй болсон нөхцөл харагдаж байгаа юм.

Тодруулбал, Н.Эрдэнэцогт, А.Доржготов, Ч.Оюунцэцэг, В.Жавхлан, Д.Сүнжид нарын “Шүүхийн ёс зүйн хороо”-ны гишүүний бүрэн эрх дуусгавар болсон ч, чөлөөлөөгүй байгаа ажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд олонх буюу нийт есөн гишүүний тавынх нь бүрэн эрх дуусгавар болсон “Шүүгчийн ёс зүйн хороо” хуралдаж, шийдвэр гаргах чадамжтай юу гэсэн асуулт гарч байгаа юм. Учир нь тус хорооны гишүүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч зарлигаар томилдог байна. Гэсэн ч энэ томилгоо өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. 

-ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ШҮҮГЧИД НАР ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ УУ-

Мөн “Ёс зүйн” алдаа гаргасан байж болзошгүй шүүгч нар цаг хугацааны хайчинд орж, хариуцлагаас мултрах нөхцөл харагдаж байгаа юм. Учир “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.3 –д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заажээ. 

Мөн өнөөдөр мөрдөгдөж байгаа “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль” ирэх гуравдугаар сарын 01-ны өдөр хүчингүй болох юм. Ингээд шинээр мөрдөгдөх хуулинд шүүгчийн ёс зүйн алдааг “Сахилгын хороо” хариуцахаар тусгажээ.

Харин тус “Сахилгын хороо” нь хууль мөрдөгдөж эхэлснээс 120 хоногийн дотор байгууна гэж заасан байна. Иймд хороо байгуулагдах процесс удааширч, ёс зүй алдаа гаргасан байж болзошгүй шүүгч нар “Шүүгчий ёс зүйн дүрэм”-ийн 5.1.3 –д зааснаар цаг хугацаа хожиж, хариуцлагаас мултарч болзошгүй байна. Учир нь зарим эх сурвалж, тус үйлд явдал нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоохоос өмнө буюу нэгдүгээр сард тус үйл явдал болсон гэж буй юм.

Хувийн амьдралдаа баримтлах зарчим, Шүүхэд итгэх итгэл, Зохисгүй байдал гаргасан байж болзошгүй шүүгчдийг огцруулах нь зөв үү?

Нийт: 87 саналтай