Нийслэлийн МАН-ын төлөөх Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын “зодоон” Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хурцдах уу

Нийслэлийн МАН-ын төлөөх Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын “зодоон” Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хурцдах уу

-БОР ШУВУУ: НИЙСЛЭЛИЙН НАМЫН АСУУДЛЫГ СОНГУУЛИЙН
ДАРАА ЯРИЛЦАНА ГЭСЭН ҮҮ-

Энэ сарын 09-ны өдөр /2021.02.09/ Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийг томилсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Ж.Сандагсүрэнг огцруулах болсон шалтгааныг тайлбарлахдаа “Нийслэлийн онцгой комиссын ажил хангалтгүй явагдаж байна. Илүү сайжруулж, шинэчлэх шаардлагатай. Ялангуяа, Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Нийслэлийн онцгой комисс хэрэгжүүлдэггүй, олон нийтэд зөрүүтэй мэдээлэл өгдгөөс үүдэн иргэд төөрөлдөж, хохирсон тохиолдол бий” гэсэн юм. Тэрбээр ил ийм тайлбар хэлж, Ж.Сандагсүрэнг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Гэхдээ далд тэс өөр үйл явдал МАН-д өрнөсөн гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Ж.Сандагсүрэнг муу ажилласанд нь биш Нийслэлийн МАН-ын төлөөх Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын “зодоон” дээрх өдрүүдэд хурцадсан гэх. Тодруулбал, Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаас огцруулж оронд нь Шадар сайд С.Амарсайханыг томилох аль эртний хүсэл Д.Амарбаясгаланд байдаг. Тиймээс нэг багийн Л.Оюун-Эрдэнээр дамжуулан Д.Сумъяабазарт шахалт үзүүлж багийг нь задаллаа хэмээн тухайн үед МАН-ынхан өөр, хоорондоо ярьж байв.

-Ж.САНДАГСҮРЭНГ ЧӨЛӨӨЛЖ, ХҮН-ЫНХАН Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАСАН НЬ САНААНДГҮЙ ДАВХЦАЛ БИШ-

Дээрх яриаг батлах мэт Ж.Сандагсүрэнг чөлөөлсөн даруйд буюу энэ сарын 10-ны өдөр /2021.02.10/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Хөдөлмөрийн Үндэсний намынхан /ХҮН/ Д.Сумъяабазарыг огцруулах саналыг гаргаж төлөөлөгчдөөр гарын үсэг зуруулж эхэлснээ мэдэгдсэн. Гарын үсэг зуруулах үйл ажиллагаа хэр идэвхтэй явагдаж одоогоор хэдэн гишүүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна. Ямартай ч ХҮН-ынхан хэд, хэдэн шалтгаанаар Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг гаргаснаа олон нийтэд мэдэгдсэн.

Харин Д.Сумъяабазар ХҮН-ын дээрх үйлдлийн хариуд "Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна. Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Ийм үед ХҮН улстөржиж байгаад харамсаж байна. Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү. Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан" гэж мэдэгдсэн.

Тэгвэл дээрх үйл явдлууд нь санаандгүй давхцал биш бөгөөд захиалгатай, зорилготой. Цаашлаад уг үйлдлийг ХҮН биш нам дотроос нь хийж буйг Д.Сумъяабазар тус мэдэгдлээрээ битүүхэн хэлсэн юм.

Нийслэлийн МАН-ыг авахын төлөөх Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын тэмцэл өнгөрсөн зунаас эхэлсэн. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэрүүл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа илүү хурцдаж мэдэхээр аж. Учир нь МАН хариуцлагатай сонгуулийн өмнө тулж ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах төлөвлөгөөтэй мөн намынх нь түүхэн 100 жилийн ойн баяр болно. Тэгэхээр үүнээс өмнө Д.Сумъяабазарыг огцруулж, нийслэлийн намыг хагалах нь сонгуульд сөргөөр нөлөөлнө гэж МАН-ын удирдлагууд үзэж байгаа аж. Тиймээс дотоод хэрүүлээ түрдээ хойш тавих төлөвлөгөө Д.Амарбаясгаланд бий бололтой.