ТОДРУУЛГА: АН-ын даргыг ирэх дөрөвдүгээр сарын 25 –ны өдөр тодруулах ДСХ-ны шийдвэр гарсан

ТОДРУУЛГА: АН-ын даргыг ирэх дөрөвдүгээр сарын 25 –ны өдөр тодруулах ДСХ-ны шийдвэр гарсан

Ардчилсан нам /АН/ одоо мөрдөгдөж байгаа үндсэн дүрмээрээ “намын дарга, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа нийт гишүүдийнхээ дунд сонгууль явуулж тодруулдаг” дүрмийн зохицуулалттай ажээ. 

Иймд саяхан АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийж, “Үндсэн дүрмээр олгогдсон эрхийнхээ хүрээнд Дотоод сонгуулийн хороо Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл бид АН-ын албан эх сурвалжтай холбогдож, тодруулахад “АН-ын Дотоод сонгуулийн хороо өчигдрөөс эхлэн хуралдаж, өнөөдөр /2021.02.24/ өглөө 04:00 цагт тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал, орон нутгийн сонгууль ялагдал хүлээсэн нийслэл, аймаг, дүүргийн АН буюу дунд шатны намын дарга нарыг өөрчилж, дараагийн даргыг сонгох сонгуулийн бүртгэлийг энэ сарын 26 /2021.02.26/ –ны өдөр эхлүүлж, ирэх гуравдугаар сарын 16 –ны өдөр санал хурааж, дараагийн даргыг сонгохоор шийдвэрлэсэн.

Иймд дунд шатны намын дарга нарыг сонгож байгаа үед нийслэл, аймаг,  дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилохгүй байхыг С.Эрдэнээс Дотоод сонгуулийн хороо шаардсан. 

Харин АН-ын даргад нэр дэвшигчдийг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бүртгэж, мөн сарын 25-ны өдрөөс эхлэн сурталчилгаа явуулж, дөрөвдүгээр сарын 25 –ны өдөр намын нийт гишүүдийн дунд сонгууль явуулж, дараагийн даргаа тодруулах шийдвэрийг гаргасан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-ийн дагуу нэр дэвшигчийг тодруулах хугацаанд тогтохоор шийдвэрлэсэн” гэсэн юм. 

Сонирхуулахад, АН өнөөдөр С.Эрдэнэ,  Ц.Туваан нам гэж хоёр хуваагдаад байгаа гэж болно. Үүнийг дагаад тус намын Үндсэн дүрмийн хороо нь ч хоёр хуваагдаад байгаа аж. Харин тус намд хоёр хуваагдаагүй, дүрмийнхээ дагуу хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргаж байгаа ганц байгууллага нь Дотоод сонгуулийн хороо гэдгийг эх сурвалж онцолсон юм.