Я.Содбаатар “МАН-ын нарийн бичгийн дарга” болж, Т.Мөнхсайхан эмчийн ажлаа үргэлжлүүлж хийнэ гэжээ

Я.Содбаатар “МАН-ын нарийн бичгийн дарга” болж, Т.Мөнхсайхан эмчийн ажлаа үргэлжлүүлж хийнэ гэжээ

Коронавирусийн халдвартай бүсгүй “Өргөө амаржих газар”-т нярайлж, түүнийг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ эмнэлгийн байгууллагын ажилчид, түүнд “хүнлэг бус хандсан” учир Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгч буйгаа мэдэгдэж, цаашлаад У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

Үйл явдлыг тодруулбал, Бүсгүйд тохиолдсон үйл явдлаас үүдэн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгье гэж Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэхэд, Шадар сайд Я.Содбаатар “ясаа цайтал хамт зүтгэсэн энэ залуу ажлаа өгөх гэж байгаа бол би ч гэсэн Шадар сайдын албан тушаалаа өгье” гэсэн байдаг. 

Иймд У.Хүрэлсүх “халдварын хүнд үеийн хариуцлагыг хоёр сайддаа тохоод өнгөрч болохгүй, иймд Засгийн газар танхимаараа огцрох” гэсэн шийдвэрийг гаргаж, түүний танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон гэдэг. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, МАН-ын дарга гэсэн үүрэгт ажлаа үргэлжлүүлж байгаа бол, өнгөрсөн долоо хоногт Шадар сайд, УОК-ийн дарга асан Я.Содбаатарыг “МАН-ын нарийн бичгийн дарга”-ын албанд томилсон байна. Харин Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан яг одоо амарч байгаа гэх бөгөөд “эрүүл мэндийн салбартаа үргэлжлүүлж ажиллана, эмчийн ажлаа хийнэ” гэж ойр дотнын хүмүүстээ ярьсан гэх мэдээлэл байна.