Соёлын сайд асан С.Чулууныг "Чингис хаан" музейн захирлаар томилно

Соёлын сайд асан С.Чулууныг "Чингис хаан" музейн захирлаар томилно

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн Соёлын сайдын зөвлөлийн хурлаар Соёлын сайд асан С.Чулууныг "Чингис хаан" музейн захирлаар томилох шийдвэрийг гаргасан байна. 

"Чингис хаан" музейг 2021 оны долдугаар сар буюу МАН-ын 100 жилийн ойн баярын өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж буй бөгөөд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн мэдээлснээр, үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор уг төслийг эхлүүлсэн гэж буй. 

Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөөд байгаа юм.

Төлөвлөсөн 3.300 мкв эдэлбэр газрын 2.500 мкв талбайд долоон давхар барилга төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзлэх бөгөөд үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна. Уг музейн барилгын ажил, дотоод үзмэрүүдийн бүтээлийн тендерийг С.Чулуун гардан гүйцэтгэсэн гэх мэдээлэл байдаг. Барилгын ажлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 02-нд эхлүүлж байв. Тус музейн барилгыг улсын төсвийн 53 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм.