ХӨШИГНИЙ АРД: МАН 100 жилийн ойн баяртаа 7 тэрбумыг зарлагаджээ

ХӨШИГНИЙ АРД: МАН 100 жилийн ойн баяртаа 7 тэрбумыг зарлагаджээ

МАН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ сарын 01-нд /2021.03.03/ тохиов. Тус өдөр МАН-ын удирдлагууд уламжлал ёсоор Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Үүнээс гадна хэд, хэдэн арга хэмжээг тус өдөр зохион байгуулж түүндээ долоон тэрбумыг зарлагадсан байна.

МАН 100 жилийн ойн баяраа өргөн хүрээнд түүхэнд тэмдэглэгдэхээр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд наадмын үеэр голлох  арга хэмжээнүүд болно. Үүний эхлэл болгон энэ сарын 01-ны өдөр баярын нээлт, урлагийн тоглолт, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт зэргийг зохион байгуулсан юм.

МАН-ын зарлагадсан долоон тэрбумыг задалбал

  • Тайзны засал, чимэглэл 
  • Дуучид, бүжигчид, хөтлөгчийн төлбөр, хөлс
  • Хэвлэлтийн зардал
  • 100 жилийн ойн арга хэмжээнд зориулсан хүндэт медаль
  • Хүндэтгэлийн тансаг хүлээн авалт
  • Хэвлэл, мэдээллийн төлбөр
  • Ажилчдын цалин зэрэгт зарцуулсан бололтой.

Ямартай ч МАН 100 жилийн ойн арга хэмжээгээ долоон тэрбумаар хийсэн нь өнөөдөр тус намын гишүүдийн ярианы гол сэдэв болж байна.

-ХҮЛЭЭН АВАЛТ, ХҮНДЭТ МЕДАЛИА ЖИРИЙН ГИШҮҮДЭЭСЭЭ ХАРАМЛАСАН НЬ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛЖ ЭХЛЭВ-

Ойн баярын үдэш тансаг зэрэглэлийн хүндэтгэлийн хүлээн авалт болсон бөгөөд МАН-ын үе, үеийн дарга нараас гадна Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийг урьж оролцуулсан нь шүүмжлэл дагуулаад байна. Учир нь намын дунд болон доод шатанд ажилладаг удирдах албан тушаалтнуудаас эхлээд ахмад, идэвхтэн гишүүдийг бус зөвхөн сайд дарга нартайгаа л наргижээ. Үүнд нь жирийн гишүүд нь ихээхэн гомдоллож “Ардын нам, язгууртны нам болсон юм уу” хэмээн ярьж явна. Мөн У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар 100 жилийн ойд зориулсан хүндэт медалиа намын аппаратад 10-20 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан гишүүд бус өөрийн тойрон хүрээлэгчдэдээ өгч асуудлыг улам хүндрүүлжээ.

-Н.БАГАБАНДИ Н.ЭНХБАЯРЫГ ЭСЭРГҮҮЦСЭН УЧИР
НАМЫН БАЯРТАА ОРОЛЦООГҮЙ-

Хамгийн сонирхолтой нь цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт болон бусад арга хэмжээнд Ерөнхийлөгч асан Н.Багабанди оролцоогүй нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл Н.Багабанди, Н.Энхбаярыг эсэргүүцсэн учир намын баяртаа оролцоогүй аж. Н.Багабанди гуайн хувьд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан /даргаас ялгаагүй/, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүндтэй кандидаас гадна тус намын оюун санааны түүчээ болсон нэгэн гэж үнэлэгддэг.

Тэрбээр Н.Энхбаяртай маш тааруу харилцаатай бөгөөд таарахаас ч дургүй нь хүрдэг гэж намынхан нь ярьдаг. Энэ зангаараа тэрбээр намын баяртаа оролцсонгүй. Ерөөс Н.Багабанди МАН, МАХН нэгдэх асуудлаар эсрэг байр, суурьтай байгаа бөгөөд Н.Энхбаяр гэх урвагчийг өөхшүүлэх шаардлагагүй гэж хэлсэн ч удаатай гэнэ. Түүнээс гадна өөр бусад гишүүд ч МАХН-ыг хууль бус нам учир хуулийн дагуу буулгах ёстой гэдэг байр, суурийг илэрхийлж буй аж. Ийнхүү МАН-ын 100 жилийн ойн арга хэмжээний эхлэл гишүүдийн талцал, битүү, хатуу нүүдэл өрсөн үйл явц руу түлхэв.