ӨМӨЗО-нд “монгол хэл дээр сүүлчийн хичээл” ороход Хятадаас 700 сая юань авсан Монголын төр ам ангайсангүй

ӨМӨЗО-нд “монгол хэл дээр сүүлчийн хичээл” ороход Хятадаас 700 сая юань авсан Монголын төр ам ангайсангүй

БНХАУ-ын Засгийн газраас “2020 оны есдүгээр сараас эхлэн Өмнөд монгол /ӨМӨЗО/ -ын сургуулиудад хятад хэлийг нэгдүгээр ангиас нь заах, хятад хэл дээр хичээл орох” шийдвэрийг гаргасан байдаг. 

Иймд тус оронд “монгол хэл үгүй болох цаашлаад Монгол үндэстнийг Хятадад уусгах бодлого явагдаж байна” гэж манай улсад төдийгүй ӨМӨЗО, дэлхийн өнцөг булан бүрд БНХАУ-ын дээрх бодлогыг эсэргүүцэж жагсаал, цуглаан болж байсан билээ. Тухайн үед БНХАУ-ын төрийн бодлогыг эсэргүүцсэн гэх шалтгаанаар 10 мянган хүнийг баривчилсан байдаг. 

Өмнөд монголын хүүхдүүд сүүлийн удаа Монгол хэлний хичээлдээ суув

-ӨМНӨД МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДЭД “ХЯТАД ХЭЛ ДЭЭР ХИЧЭЭЛ ЗААЖ, МОНГОЛ ХЭЛИЙГ ГАДААД ХЭЛ” ГЭЖ ҮЗЭХ БОЛЛОО-

Харамсалтай нь энэ тэмцэл амжилт олоогүй юм. Учир нь энэ сарын 01 /2021.03.01/ -ны өдөр БНХАУ-д хаврын хичээлийн шинэ жилийн нээлт болсон бөгөөд энэ хичээлийн шинэ жилээс хятад, монгол сургуулийг нэгтгэж нэг захиргаанд оруулах болжээ. 

Иймд “монгол хэл дээр сүүлчийн хичээлдээ орох гэж буй ӨМӨЗО-ын Монгол хүүхдүүд” гэсэн хадаг барьсан багачуулын сэтгэл шимшрэм зураг олон нийтийн сүлжээнд гарсан юм. 

Энэ талаар бид эх сурвалжаас тодруулахад “ӨМӨЗО-ны сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон тул эх хэлний багш нар ажлаасаа халагдахаасаа өмнө сүүлийн удаа шавь нартайгаа салах ёс хийе гэсэн хүсэлтийг нь Хятадууд зөвшөөрсөн тул хүүхдүүд үндэсний хувцсаа өмсөж, багш нартайгаа хадаг барьж золгоод нүдэндээ нулимстай салсан юм билээ” гэсэн юм. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард хятад хэл дээр хичээл орох шийдвэрийг олон Монголчууд эсэргүүцэх үеэр Хятадын тал “зөвхөн хятад хэл, түүх, хууль эрх зүйн хичээлийг Хятадаар орно” гэж буулт хийснээр ӨМӨЗО-ны монголчуудын эсэргүүцэл намжсан байна. Гэсэн хэдий ч Хятадууд дээрх гурван хичээлийг л хятад хэл дээр орно гэсэн амлалтдаа хүрэлгүй энэ сарын 1 –ны өдрөөс эхлэн “бүх хичээлийг хятад хэл дээр орох” болжээ. Харин гадаад хэлний оронд монгол хэлийг оруулах ажээ. Тодруулбал, бага ангид монгол хэл орохгүй, дунд ангид нь монгол хэл үзнэ гэсэн үг юм. 

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад гэнэтийн айлчлал хийх үеэр 2020.09.15

-ХЯТАДААС 700 САЯ ЮАНИЙН ТУСЛАМЖ АВСАН УЧИР МОНГОЛЫН ТӨР “АМ АНГАЙСАНГҮЙ” ЮУ-

БНХАУ-ын энэхүү бодлого нь Монгол хүүхдүүд багаасаа хятад хэлээр боловсрол үзээд ирэхээр яах аргагүй Хятад соёлд татагдана. Нөгөөтэй Өмнөд Монголын томчуудтай нь ноцолдохын оронд хүүхдүүдтэй нь үзвэл хятад болж өснө гэсэн шинэ бодлого юм. Харин Өмнөд монгол /ӨМӨЗО/ -нд “Монгол үндэсний хэл, соёл”-ын энэ асуудал хөндөгдөж байхад манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намын удирдлагууд ч огт дуугарсангүй. Хэдийгээр БНХАУ-ын дотоод асуудалд мэт боловч, Тусгаар тогтносон Монгол Улсын хувиар “дипломат сануулга” өгөх үүргээ ч биелүүлсэнгүй.

Үүний учир нь манай төрийн өндөрлөгүүд “Хятадын 700 сая юанийн буцалтгүй тусламжид амаа үдүүлсэн” байхыг үгүйсгэхгүй. 

Тодруулбал, Өмнөд монгол /ӨМӨЗО/-ын сургуулиудад монгол хэл дээр хичээл орохыг хориглосон Хятадын шийдвэрийг эсэргүүцэж Монголд суугаа БНХАУ-ын элчин сайд яам зэрэг газруудад иргэд “эсэргүүцлээ илэрхийлж, жагсаж байх” есдүгээр сарын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг манай улсад /2020.09.15/ гэнэтийн айлчлал хийж, “700 сая юанийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээр”- т гарын үсэг зураад буцсан юм. Түүний энэхүү гэнэтийн айлчлал, 700 сая юанийн буцалтгүй тусламж зэрэг бол “Өмнө монголын хүүхдүүдэд хятад хэлээр хичээл орохыг Монголчууд та нар битгий эсэргүүц” гэсэн дохио байсан байж магадгүй байгаа юм.