Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр ангид очиж Т.Чимгээтэй уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр ангид очиж Т.Чимгээтэй уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 401 дүгээр хаалттай хорих ангид ажиллана. Тодруулбал, тус ангийн эмнэлэгт очиж хоригдол Т.Чимгээтэй очиж уулзах юм. 

Энэ сарын 06-ны өдөр /2020.03.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаныхан Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцсан. Энэ үеэр нэгэн сэтгүүлч “Та эрүүдэн шүүлтгүй орон байхын төлөө олон ажил хийх тухай өмнө нь хэлж байсан. Т.Чимгээ нарын хэргийг эрүүдэн шүүсэн гэдэг нь олон нийтэд ил болсон. Суллах асуудал ч мөн яригдаж байсан. Энэ асуудлын талаар тайлбар өгнө үү” гэхэд

Тэрбээр “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд улс орноороо соёлын өөрчлөлт хийх тал дээр цаашид Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Шүүх гэм бурууг тогтоодог учраас шүүхийн өмнөөс хэн нэгэн гэм буруутай эсэхийг дүгнэж болохгүй. Гэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд өчигдөр Жендерийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан.

Зарим нэг аймшигтай үйл явдлууд ил болсон. Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаад, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж авсан асуудал хүртэл байсан. Энэ бүхнийг ил болгож, тухайн үед нь олон нийтэд ярьж чадаагүй.

Би гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агуулгаар иргэн Т.Чимгээтэй  очиж уулзана. Засгийн газрын зүгээс прокурорт саналаа тавина. Үүгээр шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөр оролцож байгаа гэх агуулгаар биш, эрүүдэн шүүх явдал Монгол Улсад дахиж байх ёсгүй гэдэг агуулгыг илэрхийлэхийг хүсэж байна. Түүнчлэн Төв аймгийн хорих ангид гуравдугаар сарын 8-нд очно. Эрүүдэн шүүлт хийсэн газар дээр нь очиж, хорих ангийг ахиж ашиглахгүйгээр хаана. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд гацсан байгаа зарим асуудалд онцгой анхаарал хандуулна.

2021 онд эмэгтэйчүүдийн эрх, ажлын байрны хүчирхийлэл мөн эмэгтэйчүүд авлигын эсрэг тэмцэх гэсэн гурван том асуудалд анхаарах төлөвлөгөөг гаргасан” гэсэн юм. 

ҮЗЭХ: