Н.Номтойбаяр суллагджээ

Н.Номтойбаяр суллагджээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр (2021.04.01) суллагджээ. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм. Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.

Н.Номтойбаяр нь өнгөрсөн оны тавдугаар сарын 28-ны өдөр /2020.05.28/ саатуулагдсан. Саатуулагдсан өдрөөс эхлэн ялын хугацааг тооцож эхэлдэг. Энэ дагуу тэрбээр ирэх тавдугаар сарын 28-ны өдөр шоронгоос суллагдах байсан ч ажил хийсэн учир ялын хоногоо хасуулж ийнхүү суллагдсан байна. Үүнээс өмнө магадлангаар суллагдах боломж түүнд байсан ч "Шазайтал сууж хоногоо гүйцээгээд гарна" гэж намынхандаа хэлсэн байдаг. 

Сануулахад, Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутган яллалсан байдаг.

Дээд шүүхээс  Б.Нямдаваа, Б.Шижиржаргал,  Н.Баттөгс нар нь  төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлж,  найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт Н.Номтойбаяр гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж үзсэн юм. 

Харин  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд зорилтот төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь  гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзээд Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ял оноосон.