САНАЛ АСУУЛГА: АН-ын даргыг УДШ бүртгэхэд С.Эрдэнийн өргөдөл, гарын үсэг хэрэг болох ажээ

САНАЛ АСУУЛГА: АН-ын даргыг УДШ бүртгэхэд С.Эрдэнийн өргөдөл, гарын үсэг хэрэг болох ажээ

АН-ын даргыг сонгох тус намын дотоод сонгууль “цахим” болон “цаас”-аар явагдаж өндөрлөсөн. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан бол, АН-ын дарга С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ялалт байгуулсан. 

Улмаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжлах их хурал өнгөрөгч долоо хоногт Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд болж, өчигдөр /2021.04.08/ О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүх /УДШ/-д хандсан. Тэгвэл М.Тулгатыг АН-ын даргаар батламжлах их хурал цахимаар саяхан болсон болж, удахгүй түүнийг АН-ын даргаар бүртгүүлэхээр УДШ-д хандах гэж байгаа аж. 

-УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИАР М.ТУЛГАТЫГ АН-ЫН 
ДАРГААР БҮРТГЭХ АЖ-

Иймд УДШ тэдний хэнийг нь АН-ын даргаар бүртгэх бол гэсэн хүлээлт гарч байгаа юм. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийн 9.3-д “Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ”, Үүнд 9.3.1 -д “намыг бүртгүүлэхийг хүссэн намын даргын гарын үсэг бүхий өргөдөл” гэж заажээ. 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл УДШ болон УБЕГ-т бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа тул, түүний гарын үсэг бүхий өргөдөлд үндэслэл болох бололтой. Иймд М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх магадлалтай байна. Сонирхуулахад, УДШ болон Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа тул, түүний хүсэлтийн дагуу Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай тамгыг хүчингүй болгож, улмаар АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд дахин бүртгэж С.Эрдэнэд олгосон байдаг.

-АН-ЫН ДОТООД СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭЖ ҮЗВЭЛ
О.ЦОГТГЭРЭЛИЙГ БҮРТГЭХ-

Тэгвэл Ц.Туваан тэргүүтэй нөгөө тал нь 2017 оны АН-ын Их хурлаар томилогдсон Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулсан “намын даргын сонгуульд ялалт байгуулсан тул О.Цогтгэрэлийг бүртгэж өгнө үү” гэж хандаж байгаа бололтой. Харин бүртгүүлэх тухай хүсэлтэд П.Нүрзэд гарын үсэг зурсан байж болзошгүй байна. 

Учир нь УДШ-ийн цахим бүртгэлд тэмдэглэсэн “УДШ-ийн 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг Ардчилсан нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Ардчилсан нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзсан” гэсэн тэмдэглэлийг үндэслэл болгож, С.Эрдэнэ болон Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүй зөвхөн АН-ын Их хурлаас байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо асуудлыг шийдвэрлэнэ гэж тайлбарлах талтай юм. Учир нь Дотоод сонгуулийн хорооны олонх нь Ц.Туваан тэргүүтэй АН-ын гишүүдийн талд очиод буй. 

ДҮГНЭЛТ: АН-ын даргыг бүртгэх эсэх УДШ-ийн хуралдаан бол цаашид улс төрийн намуудын үйл ажиллагаанд жишиг болох ёстой аж. Учир нь аль нэг улс төрийн намын, хэн нэгэн нь намаа төлөөлж, энэ дарга биш, тэрийг намын дарга болгоно гэж УДШ хандаад тэрийг хэлэлцээд байвал, МАН, МАХН, ХҮН гээд улс төрийн бүх намууд хуваагдах магадлалтай юм. Үндсэндээ АН-ын энэхүү хуваагдал бол, тус намын шинэчлэл биш удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх тухай дотоод тэмцэл билээ. 

Дараах хүмүүсээс хэн нь АН-ын даргад тохирох вэ?

Нийт: 67 саналтай