ВИДЕО: Мьянмарын Баго хотод болсон жагсаалын үеэр 80 гаруй хүн амиа алджээ

ВИДЕО: Мьянмарын Баго хотод болсон жагсаалын үеэр 80 гаруй хүн амиа алджээ

Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн Баго хотод болсон эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоох үеэр 80 гаруй хүн амиа алдлаа гэж тус улсын идэвхтнүүд мэдээлжээ. Цэргийнхэн амиа алдагсдын цогцсыг авч явах болсон тул амиа алдсан хүмүүсийн үнэн зөв тоог нарийн тодорхойлоход хүндрэлтэй болсон байна.

“Цэргүүд автомат буу хэрэглэж, хөдөлж байгаа бүхэн рүү гал нээж байсан” гэж Баго хотын оршин суугчид орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. Мьянмарт хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш амиа алдсан хүний тоо 600 даваад байгаа бөгөөд цэргийнхэн эрх мэдлээ хадгалж авч үлдэхийн тулд сүүлийн үед улам их хүч хэрэглэх болжээ.

Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн бодит тоон үзүүлэлт хавьгүй өндөр байх магадлалтай байна. Цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд засгийн эрхийг гартаа авч, нэг жилийн хугацаатай онц байдал зарласнаас хойш өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байгаа юм.

Эх сурвалж: Aljazeera