МАН-ын 100 жилийн ойгоор шоронгууд сулрах уу

МАН-ын 100 жилийн ойгоор шоронгууд сулрах уу

МАН-ын 100 жилийн ой тохиож байна. Удахгүй Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. МАН энэ түүхэн ойг угтан улс төрийн шийдвэр гаргаж ял эдэлж буй хүмүүст өршөөл үзүүлэн суллана гэх мэдээлэл улс төрийн яригдаж буй. Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч үүнийг бататгаж мэдээлэл өгсөн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ үйл явцыг эхлүүлэхээр МАН-аас аль хэдийн бэлтгэж эхэлсэн бөгөөд гагцхүү Ерөнхийлөгчтэй л учраа ололцохгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

-ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ Ж.МӨНХБАТ АХАЛЖ БАЙНА -

Өршөөлийн хууль боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт нар ахалж ихээхэн чухал үүрэгтэй ажиллаж буй бөгөөд чухам ялтай хүнийг яаж өршөөх талаараа маш их нууцалж байгаа юм. Учир хэн нэгэн хуулийн цоорхой, хийдэл харж, өршөөлд хамрагдчих юм чинь гээд хэрэг үйлдэхээс сэргийлдэг. Ийм шалтгаанаар үе, үеийн УИХ Өршөөлийн хуулийн төслийг маш богино хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж баталдаг байсан.

Саяхан УИХ-аар баталсан Шүүхийн хуулинд ял эдэлж буй хүмүүст өршөөл үзүүлэх асуудлаар тодорхой заалтуудыг оруулсан гэх мэдээлэл бий. Уг асуудлаас үүдэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хэдэн тийшээ харцгаасан бөгөөд тохирч чадахгүй цаг үрж буй тухай мэдээлэл бий.

Хэдийгээр Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн дагуу  Өршөөл үзүүлэх нь УИХ-ын мэдлийн асуудал ч наана нь Ерөнхийлөгчтэй улс төрийн тохироогоо хийсэн байх ёстой. Үгүй бол Ерөнхийлөгчөөс ямар ч хариу үйлдэл ирж мэднэ. Энэ дагуу тохироогоо хийх гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс “АН, МАН” гэлтгүй бүгдийг нь суллана өөрөөр хэлбэл өөрөө энэ үйл явцад оролцоно гэсэн гэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч уг асуудал хэрхэн шийдвэрлэгдэж, тэд яаж ойлголцох нь удахгүй тодорхой болох буй за.

МАН 100 жилийн ойдоо зориулсан өршөөлийн хуулиа цар тахалтай холбон тайлбарлаж өнгөлөн далдалж буй. Тодруулбал, энэ талаар анх ам алдсан УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтэд мэдэгдэхдээ “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж хэлсэн юм.

-С.БАЯР, Ж.ЭРДЭНЭБАТ, Д.ГАНБОЛД, Б.УНДАРМАА НАР ӨРШӨӨГДӨХ ҮҮ–

Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улс зургаан удаа буюу  4-6 жилийн давтамжтайгаар Өршөөлийн хууль баталжээ.

Тодруулбал,

  • 1991 оны зургадугаар сарын 21. Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ- ын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдав.
  • 1996 оны наймдугаар сарын 22. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.
  • 2000 оны долдугаар сарын 7. Энэ өдөр УИХ Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2006 оны зургадугаар сарын 23. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2009 оны долдугаар сарын 9. Ардчилсан хувьсгалаас хойших тав дахь Өршөөлийн тухай хууль батлагдав.
  • 2015 оны наймдугаар сарын 11. Засгийн газрын санаачилсан Өршөөлийн тухай хуулийг батлаж байв.

Өршөөлийн хууль батлагдсанаар энгийн иргэдийн нэрийн дор цагаан захтнууд буюу авлигал хээл хахуулийн хэргээр ял эдэлж буй олны танил хүмүүс СУЛЛАГДДАГ жишигтэй. Энэ дагуу 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө шүүхээр таслагдаж өдгөө шоронд хоригдож буй Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, С.Баяр, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ундармаа, Б.Батзориг гээд МАН, АН-ын нийлсэн 20 орчим хүн цаашлаад улсыг их хэмжээгээр хохироосон Ш.Батхүү, Г.Алтан нарын хүмүүс ч уг хуулиар хамгаалагдах магадлалтай. Ерөнхийлөгчийн зүгээс хуульчдаараа дамжуулан “Хэрвээ өршөөх гэж буй бол МАН, АН гэлтгүй суллах ёстой” гэх байр, суурийг одооноос илэрхийлж эхэлсэн нь дээрх хүмүүст ч өршөөл үзүүл гэдэг утгыг УИХ-д дайж буй.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар авлига, хээл хахуулийн хэргээр ял сонссон хүмүүс бүгдийг ялгалгүй суллахаар төлөвлөж буй бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монголын бүх шорон суларна гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Эхний ээлжинд 2000 хүн суллагдана гэж буй бөгөөд үүнээс Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан Зөрчлийн хуулиар торгуульд унасан иргэн, аж ахуй нэгжийг өршөөх хуулиар 900 хүн суллагдах тооцоолол бий аж. Үүнээс үзвэл АН торгуулийн ялтай хүмүүсээ, МАН албан тушаалийн хэрэгтнүүдээ суллаж магадгүй нөхцөл байдалтай байна.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө