Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярьжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярьжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 4 дүгээр сарын 20-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив. Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж, түүнийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлон илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, АНУ-ын Засаг захиргааны зүгээс хоёр орны хамтын ажиллагааг үргэлж дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн саяхан АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёрдугаар компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдээлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен 10-аад жилийн өмнө Монгол Улсад тухайн үеийн Дэд ерөнхийлөгч Ж.Байдены хамт айлчилж байснаа дурсаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх хүч чармайлтыг талархан тэмдэглэв. Мөн талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам