БАЙР СУУРЬ: Дэлхийн банкнаас "вакцин аваарай" гэж өгсөн мөнгийг юунд зарцуулах гэж буйгаа тайлбарла

БАЙР СУУРЬ: Дэлхийн банкнаас "вакцин аваарай" гэж өгсөн мөнгийг юунд зарцуулах гэж буйгаа тайлбарла

Сангийн яамнаас мэдээлэл өгөхдөө "Вакцин татан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдэг нь тодорхойгүй болоогүй. Одоогийн байдлаар 14.1 сая тун вакцины 11 төрлийн гэрээ хийгдэж байна. Үүний 3.1 сая тун нь "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд болно Үүнээс гадна таван гэрээний 8.5 сая тун вакцины гэрээ одоо яригдаж байна. Эцэслэгдэж дуусаагүй. Вакцины татан авалтын гол ажлын хэсэг нь ЭМЯ, ГХЯ байгаа юм. Тэгэхээр ГХЯ аль улсаас, ямар гэрээ хэлэлцээр хийж, хичнээн вакцин худалдан авах гэдгийг гаргаж боловсруулаад Сангийн яам руу явуулж байгаа юм билээ. Одоогийн байдлаар ГХЯ-аас нэгтгэсэн материалууд нь арай ирээгүй байна. Тухайн материал ирэхээр эндээс эх үүсвэр нь яаж хийгдэх вэ гэдгээ хэлэлцэнэ" гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байна. 

Харин үүнийг эдийн засагч Н.Энхбаяр шүүмжилж ярьжээ. Тодруулбал, тэрбээр "Засгийн газрын нэг гол байгууллага, вакцин худалдан авалтын ажлын хэсгийг ахалж буй Сангийн яам өнөөдөр ийм мэдээлэл хийж байна гэдэг үнэхээр хариуцлагагүй явдал. Сангийн сайдаар ахлуулсан вакцин худалдан авалтыг хариуцсан ажлы хэсгийг 2020 оны 12-р сард Ерөнхий сайдын захирамжаар баталж, ажлын хэсгийг байгуулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед мэдэгдэж байсан.

Вакцинжуулалт эхлээд 2 сар өнгөрч байгаа, хүн амын 20 орчим хувь нь вакцинд хамрагдсан үед вакциныг худалдан авах төсөв, эх үүсвэрээ шийдвэрлээгүй байна гэдэг арай л дэндүү бүдүүлэг, болхи алдаа биш үү. 

Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Михнев хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Тэрбээр “Дэлхийн банк Монгол Улсад 50.7 сая ам.долларын буцалтгүй тусламж өгсөн. Үүний зорилго нь Монгол Улс вакцин худалдан авалтынхаа үйл ажиллагааг хурдан, шуурхай явуулаасай гэсэн үүднээс өгсөн” гэж хэлсэн. АХБ, НҮБ, Япон Улс гэх зэрэг бусад орнуудын өгсөн мөнгө нийлээд 500 гаруй сая ам.доллар болж байгаа. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулах гээд байгааг Сангийн сайд одоо болтол тайлбарлаагүй. Дэлхийн банкнаас өгсөн мөнгийг яагаад зориулалтаар нь ашиглахгүй байгаа талаар Сангийн сайд олон нийтэд маш тодорхой тайлбар өгөх ёстой" гэсэн.