С.Одонтуяа: Цар тахлыг даван туулж чадах уу, үгүй юу гэдгээ УИХ-аар хэлэлцэх ёстой

С.Одонтуяа: Цар тахлыг даван туулж чадах уу, үгүй юу гэдгээ УИХ-аар хэлэлцэх ёстой

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа цар тахалтай холбогдуулан УИХ дээр мэдээлэл сонсох горимын санал гаргасан. Ингээд маргааш 14.00 цагт УИХ цар тахлын мэдээллийг сонсохоор болов. Тус мэдээлэлд Ерөнхий сайд, УОК бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор боллоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Цар тахлын нөхцөл байдал өдөр, хоногоор хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар 56 хүн нас барсан байна. Ноцтой байдал үүссэнтэй холбоотойгоор хэлэлцэх асуудалд горимын санал оруулах гэсэн юм. Ард түмний төлөөлөл болсон УИХ нөхцөл байдал хүнд байгааг тоохгүй ач холбогдол багатай хуулийн төсөл хэлэлцээд суугаад байж болохгүй. Тиймээс 14.00 цагаас цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцье. Үүнд Ерөнхий сайд, УОК оролцох ёстой. Түр хороо байгуулсан ч гуравдугаар сарын 31-нээс хойш хуралдаагүй байна. Ийм түр хороо байснаас татан буулгасан нь дээр. Цаашдаа цар тахлыг даван туулж чадах юм уу, үгүй юм уу. Улс орон ийм эмх замбараагүй байхад УИХ юу ч болоогүй юм шиг сууж болохгүй. Өмнөх Засгийн газар нэг ээжийг төрөх эмнэлгээс нимгэн хувцастай гаргаад огцорлоо гэсэн. Гэтэл өнөөдөр 56 хүн нас барчихаад байна. Бидний сонгогдсон тойргуудад нөхцөл байдал ямар хүнд байгааг та нар мэдэж байгаа.

УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг таван хоногийн завсарлага хүссэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар үдээс хойш 16.00 цаг хүртэл болгов.