Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчидтэй уулзана

Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчидтэй уулзана

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө /2021.04.19/ МАН-ыг тараах захирамжаа гаргаснаа танилцуулсан. Улмаар өнөөдөр Төрийн ордны гадна мэдэгдэл хийж “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Тэгвэл тэрбээр маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх юм байна. 

2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм.