Ц.Ганзориг: Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдийг нэн тэргүүнд вакцинжуулна 

2021-04-22 22:43

Ц.Ганзориг: Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдийг нэн тэргүүнд вакцинжуулна 

УОК-оос мэдээлэл хийж байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татан авсан. Маргаашаас эхлэн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд маргааш Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Дархлаажуулалтын хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдэд нэн тэргүүнд вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ. Дүүрэг бүрд иргэдийг тээвэрлэх автобус гаргасан. Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана” гэв. 

2021-04-22 22:11

LIVE: Улсын Онцгой комиссын шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо буурахгүй, мөн нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-аас ирэх ням гарагт дуусах Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог дахин 14 хоног сунгах саналыг гаргаад буй. Мөн маргааш /2021.04.23/-аас эхлэн Улаанбаатар хотод дархлаажуулалт эхэлж байгаа юм. Иймд эдгээр асуудлаар УОК өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. 

2021-04-22 19:30

УОК хөл хориог сунгах эсэх асуудлаар 20:30 цагт хуралдана

Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 10-25 ны хугацаанд нийслэлд хатуу хөл хорио тогтоосон. Гэтэл энэ хугацаанд халдварын тоо өндөр хэвээр, нас баралт ихсэж байгаа учир хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.04.21/ гаргаж, УОК-д хүргүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр 20:30 цагаас УОК хуралдаж, ЭМЯ-ны саналыг хэлэлцэх юм байна. УОК-ын саналыг Засгийн газар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.