Ц.Оюунгэрэлийг шалгуулахаар цагдаад гомдол гаргажээ

Ц.Оюунгэрэлийг шалгуулахаар цагдаад гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хаягтаа өчигдөр /2021.04.22/ нэгэн мэдээлэл нийтэлсэн нь олны анхааралд ороод байна. Тодруулбал, Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 долларын гэрээ байгуулсан үүнийг УИХ-ын гишүүн Ц.Туваан гардан гүйцэтгэж УИХ-ын гишүүн Т.Цогтгэрэл гарын үсгээ зурсан тухай мэдээллийг мэдээлж холбогдох баримтуудыг хавсаргасан байв.

Тэгвэл “Т.Цогтгэрэлийн нам” АНУ-ын лобби компанитай их хэмжээний мөнгөөр гэрээ байгуулсан гэх мэдээллийг ил болгосон гэх үндэслэлээр Ц.Оюунгэрэлийг шалгуулахаар цагдаад гомдол гаргасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар бид Ц.Оюунгэрэлтэй холбогдож тодрууллаа.

-Ардчилсан намаас /Т.Цогтгэрэл, Ц.Тувааны нам/ таныг цагдаад шалгуулахаар гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Тодруулбал, өчигдөр цахим хаягтаа тавьсан мэдээлэлтэй тань холбоотой юм шиг байна. Энэ үнэн үү?

-Би ил болгоогүй. АНУ-ын Хуулийн яамны вэб сайтад байршуулсан мэдээлэл шүү дээ. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал миний эсрэг гомдож гаргаж Сүхбаатар дүүргийн цагдаад шалгуулахаар өгсөн гэсэн. Гэхдээ өөр асуудлаар буюу миний өмнө нь өгсөн ярилцлагын агуулгатай холбоотой гомдол гаргасан юм шиг байна лээ. Бүр дээр л өгсөн гэсэн. Энэ асуудлаар маргааш өглөө Сүхбаатар дүүргийн цагдаад очиж мэдүүлэг өгнө. Түүнээс нам өгөөгүй байх, ёстой мэдэхгүй байна. Өнөөдөр л /өчигдөр/ өгчихөөгүй л бол.

-АН, АНУ-ын лобби компанитай 50 сая доллараар гэрээр байгуулсан гэх мэдээллийг таныг анх олон нийтэд ил болгосон гэж үзэж байгаа юм байна?

-Ил байсан мэдээлэл шүү дээ. Энэ асуудалтай  холбоотойгоор Ардчилсан намаас “Манай нам ийм үйл ажиллагаа явуулаагүй” гэж мэдэгдэл гаргасан байна лээ. Түүнтэй би санал нийлнэ. Энэ бол Ардчилсан нам биш Ц.Туваан гэдэг хүний гэрээ юм биш үү. Манай намд гадаадын компанид өгөөд байх 100, 50 мянган доллар байхгүй шүү дээ. Бид нар сонгуулиа хийх гэж бие, биенээсээ мөнгө хурааж байж арай хийж хийдэг. Ямар юмны гадаадынханд төлдөг их доллар байх билээ. Манай намд тийм их мөнгө байхгүй байлгүй, намаас гараагүй байх. Мэдээллийг цацаж буй байгууллага өөрийн улсын Хууль зүйн яамныхаа вэб сайтаас мэдээллийг аваад цацаад байгаа юм биш үү. Нээлттэй мэдээлэл. Гарын үсэг нь УИХ-ын гишүүн Т.Цогтгэрэлийнх байна лээ. Ц.Туваан гэдэг нэр дээр зурагдсан байна лээ.

-Тэгэхээр Т.Цогтгэрэлийн намтай холбоотой үйл ажиллагаа болж таарах нь ээ. Энэ хэр зөв үйл ажиллагаа вэ?

-Т.Цогтгэрэлийн намтай холбоотой. Ц.Тувааны хийсэн үйл ажиллагаа л юм. Ц.Туваан ярьж анхны хэлцлүүдийг нь хийсэн юм байх. Харин гарын үсгийг нь Т.Цогтгэрэл зурсан юм байлгүй дээ. Цаасыг нь хараал тэгэж ойлгож байна. Лобби нь бизнест явуулдаг үйл ажиллагаа биш шүү дээ. Харин улс төрд нөлөөлөх үйл ажиллагааг хэлдэг юм. Лоббист гээд бүртгэгдсэн компани бол улс төрд нөлөөлөх зорилготой гэсэн үг юм. Улс төрд нөлөөлөх зорилготой учраас тэр компаниудын үйл ажиллагааг нээлттэй байлгадаг юм. Хэний мөнгөөр, ямар лобби хийх гэж буйгаа нуудаггүй ил тавьдаг. Тэр тусмаа гадаадын улс төрчдийн улс төрийн лоббиг хийхдээ бүр ч ил тавьдаг. Хуулиараа ийм юм. Тэгэхээр нуугаад байх зүйл огт биш. Энд бид нар бие, биенээсээ нууж мөнгөө төлөөд байдаг. Тэгэхээр л дэлхий даяараа нууц болчихно гэж үгүй шүү дээ.

Ардчилсан орнуудын лобби компаниуд улс төрийн лобби хийхдээ ил зарладаг, нуудаггүй. Улс төрийн лоббигоо улс төрчдийн мөнгөөр хийдэг. Тэр улс төрчийн мөнгөөр тийм лобби хийж байна гэдгээ тайлагнадаг. Тайланг нь Хууль зүйн яам нь вэб сайтдаа байршуулдаг. Ийм л үйл ажиллагаа. Тэгэхээр Ц.Туваан, Т.Цогтгэрэл нарын хийсэн гэрээ Лоббигийн хуулиараа ил болж байгаа юм. Ил болгосон гэж буй бол Ц.Оюунгэрэлийн буруу биш. АНУ-ын Лоббигийн хууль буруутай шүү дээ. Сонгуулийн үеэр бүх зардлаа Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнаж байх ёстой. Тэр нь ч мөн лобби шүү дээ. Бид нар аль хэвлэлд ямар мөнгө өгснөө сонгуулийн үеэр тайлагнаж, тайландаа хавсаргадаг. Сонгуулийн үеийн мөнгөний тайлан ил байх ёстой. Тэгэхээр ялангуяа Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төлөгдөж буй  мөнгө, PR-ын үйл ажиллагаа дэлхий нийтийн анхааралд байна биз дээ. Манай ч анхааралд хурцаар орох  сэдэв мөн.

-“МОНГОЛЫН УЛС ТӨРЧДӨӨС Х.БАТТУЛГА НЬ ХАМААГҮЙ МУНДАГ ШҮҮ” ГЭЖ АНУ-ЫН УЛС ТӨРЧДӨД, ХЭВЛЭЛД ЛОББИДОХ ЗОРИЛГОТОЙ ГЭРЭЭ ГЭЖ ХАРСАН-

-Гадны компаниар PR үйл ажиллагаа хийлгэх нь байдаг л ажил гэж үзэх хүмүүс байна?

-Тийм. Гэхдээ тэр компани нь лоббист гэж бүртгүүлсэн бол улс төрийн лобби хийнэ гэсэн үг. Харин тэр компани хэвлэлийн PR-ийн компани гэж  бүртгүүлсэн бол заавал конгресст тайлан тавих албагүй. Эдний өөрсдийнх нь сонгож авсан компани нь лоббист учраас конгрессийн тайланд орчихож байгаа  юм. Лоббист компани яг улс төрийн зорилготой PR хийнэ гэсэн үг. Улс төрчдийг лоббидно. Монголд бол лобби гэдгийг ард түмнийг лоббидох гээд хаа, хамаагүй яриад сурчихсан. Лобби л бол лобби гэж ойлгодог. Харин барууны оронд ямарваа нэгэн сэдэв, асуудлыг конгресст болон хууль тогтоох байгууллагад шууд лоббидохыг хэлдэг юм. Тэгэхээр тэр мөнгийг аваад “Монголын улс төрчдөөс Х.Баттулга нь хамаагүй мундаг шүү” гэж АНУ-ын улс төрчдөд, хэвлэлд лоббидох зорилготой гэрээ гэж харж байна. Тэр нь муу биш байх. Гэхдээ сонгуулийн үеэр яригдаж буй учир мөн гэрээндээ хэнд, юу лоббидохоо нарийн бичээгүй байгаа юм. Тийм учраас ямар хэлбэрийн лобби явуулахыг мэдэхгүй байна.