Б.Пүрэвдорж: Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа

Б.Пүрэвдорж: Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 19-ны шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутагт согтуугаар иргэн Д-ийн автомашиныг /Ниссан теана/ жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. 

Тодруулбал, тэрбээр ганцаараа автомашин жолоодож явсан гэх бөгөөд 67-.. УНЦ улсын дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон юм. Улмаар ослын улмаас түүний машин шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид яаралтай унтрааж шилийг хагалан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг гарган амь насыг нь аварсан байдаг. Түүний согтолтын зэрэг 1.31 бүхэл гарсан гэх бөгөөд тэрээр осол гаргах үедээ уруулаа хазаж язарсан тул ГССҮТ-д хүргэгдсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. 

Уг хэргийг хууль, хяналтын байгууллагад шалгаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуцлагагүй үйлдэл гаргасандаа уучлал хүсчээ. Тодруулбал, тэрбээр "Хариуцлагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэж өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн байна.