“Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо”-ны ажлыг Б.Энх-Амгалан удирдаж буй нь ямар учиртай вэ

“Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо”-ны ажлыг Б.Энх-Амгалан удирдаж буй нь ямар учиртай вэ

-У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ АЖИЛД ОДОО Ч ОРОЛЦСООР БАЙГАА ЮУ-

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-ны өдөр /2021.04.19/ эрх баригч МАН-ыг тараах зарлигийг гаргасан. Зарлигтай холбогдуулан ард иргэддээ хандан илгээлт гаргасан бөгөөд МАН-ыг тараах үндэслэл бүрэн бүрдсэнийг зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Тэрбээр үүнийхээ дагуу хөл, хорио тавигдаж, шүүхийн байранд гарсан коронавирусийн халдварын тархалт хумигдаж намжсаны дараа Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очин МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөө ч мэдэгдээд буй.

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах зарлигтай холбоотой ард иргэдэд илгээлт гаргаснаа мэдэгдэх үеэр “МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо” гэж дурдсан.

Үүнтэй холбоотойгоор Монгол цэргийн нэгдсэн холбооноос мэдэгдэл гаргаж, “МАН-ын дарга У.Хүрэлсүх нь өнөөдөр тус байгууллагын удирдлагад байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. У.Хүрэлсүх нь УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.13 дахь заалтын дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдмогц тус холбооны тэргүүний ажлаа 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгож бүрмөсөн хүлээлгэн өгсөн болно” гэсэн. 

-УГ ХОЛБООНД ХАРЬЯАЛАГДДАГ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ХУРАНДАА НАРЫГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ-

Тэгвэл улсын бүртгэлийн дата мэдээлэлд “Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо” НҮТББ нь Батцэнгэлийн Энх-Амгалан гэх иргэний нэр дээр бүртгэлтэй байна. 

Б.Энх-Амгалангийн хувьд У.Хүрэлсүхийн багын найз Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь ахлах зөвлөх, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Тэгэхээр У.Хүрэлсүх цэргийн холбоогоо найздаа хүлээлгэж өгсөн нэрээр өөрөө үйл ажиллагаанд нь одоо ч оролцож байх магадлалтай. 2019.03.14-нд үүсэн байгуулагдсан уг ТББ-ын үйл ажиллагаанд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн зөвлөх, ажлын албаныхан одооч идэвхтэй ажилласаар ирсэн. Мөнхүү байгуулагдаад сар ч хүрээгүй байхдаа Төрийн ордонд анхны чуулганаа хийж, тэргүүнээрээ У.Хүрэлсүхийг томилсон байдаг.

Тус холбоонд 20 гаруй цэргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ нэгдсэн гэдгийг албан мэдээллүүддээ онцолдог. Тэгэхээр тус холбоо одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд У.Хүрэлсүхийн хамгийн итгэлт найз албан ёсоор тэргүүлж, тамга тэмдгийг нь атгадаг нь дээрх баримтаас харагдаж байна.

Мөн тус холбоонд харьяалагддаг цэрэг, цагдаагийн тэтгэвэртээ гарсан хурандаа нарыг У.Хүрэлсүх саяхныг нэг өдөр Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзан дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэх мэдээлэл бий. Тэгэхээр уг холбоо үйл ажиллагаагаа одоо ч идэвхтэй явуулсаар буйг илтгэж байна.