МАН-ын “хоёр” улстөржүүлснэээс болж ҮАБЗ хуралдаж чадахгүй байна уу

МАН-ын “хоёр” улстөржүүлснэээс болж ҮАБЗ хуралдаж чадахгүй байна уу

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС ҮЛ ХАМААРЧ ҮАБЗ-ИЙН АЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ ЁСТОЙ-

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-ны өдөр /2021.04.19/ эрх баригч МАН-ыг тараах зарлигийг гаргасан. Зарлигтай холбогдуулан ард иргэддээ хандан илгээлт гаргасан бөгөөд МАН-ыг тараах үндэслэл бүрэн бүрдсэнийг зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийхээ дагуу хөл, хорио тавигдаж, шүүхийн байранд гарсан коронавирусийн халдварын тархалт хумигдаж намжсаны дараа Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очин МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөө ч мэдэгдээд буй.

Учир нь 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм.

Түүний хэлж буй МАН-ыг тараахтай холбоотой нотлох баримт, холбогдох бусад материалууд нийт 200 хуудас болсон гэх бөгөөд чухам ямар агуулгатай бичиг, баримтууд байх нь олны анхаарлыг татаж байна. Ямартай ч уг баримтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахгүй байгаа асуудалтай холбоотой тодорхой мэдээллүүд ч багтсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сүүлийн саруудад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадахаа байжээ. Хурал зарлагдах бүрт МАН-ын хоёр буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ирэхгүй байгаа гэх мэдээлэл байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал өнгөрсөн нэгдүгээр сард хуралдаж түүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулга цаг, үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд, хэдэн тов зарласан ч МАН-ын хоёр ирээгүй аж.

Улс төрийн уур амьсгал “халж”, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Х.Баттулга болон МАН гэж талцан үзэлцэж буй ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажил улс төрөөс ангид үргэлжлэх ёстой.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн. Улс төржилтөөс болж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлыг цалгардуулж болохгүй юм.

Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж коронавирусийн цар тахлын халдвартай холбоотой нөхцөл байдал зэрэг олон асуудлыг хэлэлцэх санаачилгыг гаргасан ч улс төржилтөөс болж хуралдаж чадахгүй байна хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн юм.